Анагаахын хөгжлийг 10 жилээр хурдасгасан ковидын вакцин

оруулсан Алсын Хараа

Дэлхий дахиныг хамарсан коронавируст халдварын цар тахлын үед хүн төрөлхтөн өөрийн хэрээс хэтэрсэн гэмээр их хүчээр коронавирусний эсрэг тэмцэж яллаа. Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхий даяар хөл хорио тогтоож, төр засаг ба хувийн хэвшлийнхэн асар богино хугацаанд олон тэрбум долларыг коронавирусний эсрэг вакцин гарган авах судалгаанд зарцуулжээ. Энэ нь анагаах ухааны хөгжлийг огт санаанд оромгүй  байдлаар эрс хурдасгалаа. Энэ тухай сонирхолтой өгүүлэл Английн The Guardian сонинд нийтлэгдсэнийг уншигчиддаа толилуулъя.

2021 оны зун, радио долгионы эмчилгээний чиглэлээр суралцдаг оюутан, 21 настай Том Пули Ковид-19-ийн эсрэг вакциныг хийлгэсэн анхны хүн болсон юм. Chadox технологид суурилсан, Oxford Vaccine Group ба AstraZeneca компаниудын хамтран гаргаж авсан вакцины хамгийн анхны тунг түүнд тарьсны дараа бие нь бага зэрэг тавгүйрхсэн боловч 3 цагийн дараа эргээд хэвийн байдалдаа оржээ.

Хэдхэн жилийн өмнө буюу 2017 онд Мадагаскарт 171 хүний аминд хүрч байсан нэгэн төрлийн тахалтай хүн төрөлхтөн олон зуун жилийн турш тэмцэж ирсэнтэй харьцуулахад ковидын вакциныг “нүд ирмэхийн зуур” зохион бүтээсэн гэхэд хилсдэхгүй.

Оксфордын вакциныг гарган авсан  профессор Сара Гилберт “бидэнд бэлэн тоорт байна, хэрвээ өөр вакцин хэрэгтэй бол тоортныхоо дээр интоор, ангаахай самар зэргийг тавихад л хангалттай” хэмээн зүйрлэн ярьж байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд ковидын вакцин гарган авсан туршлага, арга технологидоо тулгуурлан бусад төрлийн өвчнийг анагаах арга замуудыг идэвхтэй хайж байгааг ийнхүү дүрслэн хэлжээ. Тухайлбал, денге чичрэг өвчин, зика вирус зэрэг хэд хэдэн төрлийн патоген буюу өвчин үүсгэгч нян, бактер, шимэгч хорхой, вирусийг дарж чадах тарилгыг туршихаар төлөвлөж байгаа бол Эбола вирусийн эсрэг вакциныг хүмүүс дээр хэдийнэ туршаад эхэлсэн байна.

Профессор Сара Гилберт 

Цар тахлаас авсан сургамж ба шинээр тогтсон хэм хэмжээ нь анагаахын шинжлэх ухааны салбарыг эгнэгт өөрчилнө гэдэг нь тодорхой боллоо. Ялангуяа өндөр технологийн вакцинууд гарган авах судалгааны ажил эрс идэвхижсэнээр анагаах ухааны салбар их үсрэлтийн босгон дээр ирээд байна.

Гайхамшгийг бүтээгч мРНХ технологи

Өвчний вирусээс хамгаалах тусгай уургуудыг ялгаруулахад хүний эсүүдийг чиглүүлж өгдөг синтетик молекулуудыг агуулсан туршилтын эм үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах зоригтой хүн 5-хан жилийн өмнө гэхэд огт байхгүй байсан. Учир нь, мРНХ технологид тулгуурласан ямар ч эм бэлдмэлийг холбогдох байгууллага хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэж авахаас цааргалдаг байв.  Гэтэл “коронагийн хоёрхон жилийн дотор” Pfizer/BioNTech ба Moderna компаниуд асар том амжилтанд хүрсэн нь төрийн байгууллагуудын хүнд сурталт хуучинсаг хандлагыг бүрмөсөн өөрчилж чадлаа.

Америкийн Pfizer компани мРНХ технологийг боловсруулах тал дээр багагүй туршлага хуримтлуулаад байсан Германы BioNTech корпорацитай хамтран ханиадны вакцин гарган авахаар ажиллаж байсан бол цар тахал дэгдсэнээр ковидын эсрэг вакциныг яаралтай  гарган авах шаардлага тулгарав. Ингээд ДНХ-ийн нэг хэлхээ болох РНХ-д тулгуурласан эмчилгээний аргыг боловсруулах судалгааг хийж эхэлсэн байна.

Өмнө нь РНХ технологи ба мРНХ вакциныг гарган авах судалгааг 10 гаруй жилийн турш хийж байсан боловч цар тахлын үед л уг салбарт олон тэрбумын дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Ийм вакциныг гарган авах нь зөвхөн туршилт дээр үндэслэсэн, асар их өртөгтэй, үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөртэй ажиллагаа байлаа. Олон арван сая удаа туршилт хийсний эцэст л амжилтанд хүрэх, бүтэлгүйтэх эсэх нь тодорхой болдог асар нарийн чимхлүүр ажил. Ер нь бол, шинжлэх ухааны туршилт судалгаанд зарцуулж буй мөнгөний тал хувь нь “салхинд хийсдэг” учраас баян чинээлэг улсууд л ийм “тансаглалыг дааж гардаг” гэх яриа бий. Харин РНХ технологийг ашиглан асар богино хугацаанд ковидын вакцин гарган авч чадсаныг гайхамшиг гэхээс өөр аргагүй юм.

Олон нийтийн зүгээс энэхүү хосгүй технологийг хүлээн зөвшөөрч, төрийн зохицуулагч байгууллагууд  сайшаан дэмсэн нь хөрөнгө оруулагчид ба салбарын эрдэмтдэд асар их итгэл урам зоригийг төрүүлэв. Одоо эрдэмтэд үхэл таригч өөр нэгэн аюултай өвчин болох хумхааг дарахаар идэвхийлэн ажиллаж байна. Чулуун зэвсгийн үеэс хойш төрсөн бүх хүмүүсийн тал хувь нь энэ өвчнөөр хорвоог орхисон гэдгийг дурдахад л ямар  их аюултай тахал болох нь аяндаа мэдэгдэнэ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 600 мянга гаруй хүн, голдуу бага насны хүүхдүүд амиа алдсан байна.

Баярлуулах мэдээ гэвэл, судлаачид, эм зүйчид хамтран ажилласны дүнд хумхааны эсрэг “өөрөө идэвхжигч РНХ” тариаг /saRNA/ гарган авч чаджээ. Йелийн их сургуулийн эрдэмтдийн бүтээл болох РНХ вакцинд суурилсан уг технологийг хулгана дээр туршиж байгаа бөгөөд 2 жилийн дараа хүн дээр туршиж эхэлнэ.

Өөр нэгэн жишээ дурдая. Moderna компани мРНХ технологид суурилсан Хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ эсрэг вакциныг гарган авах туршилтыг хийж байна. Ийм вакцин нь тунгалгийн зангилаанууд дахь эсүүдийг идэвхжүүлснээр ХДХВ-ийн эсрэг дархлааны хариу урвалыг эрчимжүүлэх учиртай. Хэрвээ туршилт амжилттай болбол, нэг удаа тариа хийлгээд л насан туршдаа дархлааны хамгаалалттай болох тэр цаг тун ойртжээ. Түүнээс гадна, уг технологийг тусламжтайгаар галзуу өвчний вирус, зика вирус болон бүдүүн гэдэсний, арьсны, сүүний булчирхайн хорт хавдрууд гэх мэт эмчлэхэд хүндрэлтэй өвчнүүдийн явцыг хянах, тэдгээрийг анагаах боломжийг судалж байна.

Үүний сацуу таргалалттай тэмцэхэд шинэ технологийг ашиглах боломжийг эрдэмтэд идэвхтэй хайж байна. Учир нь, 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын хооронд АНУ-д ковидын халдвараар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 78 хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. 2014 оноос хойш анх удаагаа, энэ оны 6 дугаар сард тураах үйлчилгээтэй эм худалдаанд гарсан бөгөөд үр дүн нь өмнөх эмнүүдээс 2 дахин илүү байгааг судалгаа харуулжсан байна. Тодруулбал, илүүдэл жинтэй 2000 хүнд хийсэн судалгаагаар, тэдний жин дунджаар 15 хувиар буурсан нь нэлээд өндөр үзүүлэлт мөн.

Өмнө нь хоолны дуршлыг бууруулдаг дааврын синтетик хувилбарыг 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинг эмчлэхэд бага тунгаар хэрэглэж байжээ. Харин жин хасах нь ковидын хүндрэлийг бууруулдаг болохыг тогтоосны дараа зохицуулагч байгууллагууд синтетик дааврыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Цаашдаа цусан дахь глюкозын хэмжээ ба биеийн жинг зохицуулж чадах шинэ эмийн хүртээмж сайжирснаар нийгмийн эрүүл мэндийн байдал эрс сайжрах болно.

Түүнээс гадна, D аминдэм хүний бие организмд ямар чухал вэ гэдгийг  цар тахлын үеэр хүмүүс сайтар ойлгож мэдлээ. “Lancet” сэтгүүлд бичсэнээр, ийм төрлийн аминдэм дутагдах нь олон өвчний анхдагч эх үүсвэр болдог байна. Норвег, Исланд, Финланд зэрэг улсад аминдэмийн хэрэглээг зохистой түвшинд байлгахад ихэд анхаардаг тул хойд бөмбөрцгийн бусад оронтой харьцуулахад дээрх улсуудад коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо илт цөөн байна. Хэрвээ зохих хэд хэдэн механизмыг бий болгож чадах аваас D аминдэм нь зүрх судасны өвчнүүд ба хорт хавдраас хамгаалдаг байж магадгүй бөгөөд энэ чиглэлд илүү өргөн хэмжээний судалгаа хийх хэрэгтэй.

Түүнчлэн “Сунжирсан ковид” гэгчийг илүү нухацтай судлах ажил хүлээгдэж байна. Учир нь, судасны хялгасан судсанд багахан хэмжээний бүлэгнэл үүсэхэд л эд эсүүдэд хүчилтөрөгч хүрч очиход саад учруулдаг ба үүний улмаас Ковидын шинж тэмдгүүд удаан хугацаанд хадгалагддаг ажээ. “Бичил бүлэгнэлт” хэмээх эл үзэгдлийг  ӨАБНУ-ын Стелленбоссын их сургуулийн судлаач Резиа Преториус нэлээд хэдэн жилийн өмнөөс идэвхтэй судалж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээр уг судалгааны ач холбогдол улам өслөө.

Йелийн Хавдар судлалын төвийн судлаач Дэвид Брауны ахалсан баг РНХ технологийг хавдрын эсрэг вакцин гарган авахад ашиглахаар ажиллаж байгаа гэх мэт жишээ олон бий.

Ташрамд сонирхуулахад, тодорхой нэг өвчнийг эмчлэх зорилгоор эм гарган авах гол аргуудын нэг бол тухайн эм ямар генүүд ба уургуудад үйлчилж байна вэ гэдгийг тогтоох явдал. Гэхдээ генүүд ба уургууд бол өвчний цорын ганц шалтгаан биш юм. Тэдгээр нь олон тооны бусад төрлийн уургуудтай харилцан үйлчилдэг бөгөөд үүнийг уургийн сүлжээ гэж нэрлэдэг. Уургуудын харилцан үйлчлэлийн картыг зохиосноор коронавирустай холбоотой уургийн сүлжээнд нөлөөлдөг 69 төрлийн бодисыг эрдэмтэд илрүүлсэн  байна. Жишээ нь, хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг аплидин гэдэг эм Ковид-19-ийг эмчлэхэд өргөн ашигладаг ремдесивир эмнээс 27,5 дахин илүү үр дүнтэй болох нь батлагджээ.

Энэ мэт нарийн туршилт судалгааны ажилд гарсан ололтуудаас гадна телемедициний аргаар зайнаас оношлох болсон, ковидыг эрт оношлох зорилгоор “ухаалаг цаг”, бугуйвч зэрэг төхөөрөмжүүдийг  зохион бүтээсэн, гэртээ өөрийгөө нарийн оношлох боломж бий болсон, цахим эрүүл мэндийн салбар шинэ түвшинд гарсан зэргийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн ковидын халдвар авсан өвчтөнүүдэд робот ашиглан зайнаас үйлчлэх, хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг 3D принтерээр үйлдвэрлэх, тэдгээрийг ариутгаад дахин ашиглах гэх мэт ололт амжилтуудын дурдах нь зүйтэй. Инновацийн эдгээр гайхамшигт дэвшлүүдийн талаар дараагийн нийтлэлд өгүүлэх болно.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: How Covid changed medicine for the future | Coronavirus | The Guardian; https://www.mk.ru/science/

Сэтгэгдэл бичих