SpaceX компанийн зохион бүтээсэн Dragon Endurance хөлөг өнөөдөр дөрвөн сансрын нисгэгчийг дэлхийн тойрог замд хүргэхээр хөөрч байна. Энэ удаагийн нислэгийн баг Crew-5 нь түүхэнд бичигдэх хэд хэдэн шалтгаантай юм.
Тухайлбал тэдний нэг Анна Кикина нь SpaceX-ийн хөлгөөр тойрог замд хүрсэн Оросын анхны сансрын нисгэгч болж байна. 2002 онд Оросын Валерий Корзун, Сергей Трещев нар АНУ-ын Endeavour хөлгөөр дэлхийд буцаж ирсэн нь үүнээс өмнөх ганц тохиолдол байжээ.
Crew-5 багт орсон АНУ-ын хоёр нисгэгчийн нэг Никол Манн нь сансарт ниссэн анхны Америкийн уугуул үндэстэн эмэгтэй болох юм. Тэр бас SpaceX-ийн Dragon хөлгийн багийн командлагч болсон анхны эмэгтэй болжээ.
Crew-5 багийн үлдсэн хоёр нисгэгч нь АНУ-ын Жош Кассада, Японы Коичи Ваката нар юм. Тэд хоёул өмнө нь сансарт нисэж байсан туршлагатай юм байна.
Багийнхан өнөөдөр орой дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад хүрэх ба тэндээ зургаан сар орчим хугацаанд байрлаж, ажиллах юм.
Өмнө нь NASA зөвхөн Оросын сансрын хөлгөөр нисгэгчдээ хөөргөдөг байхдаа нэг суудалд $90 саяыг төлдөг байжээ. Харин одоо Роскосмостой суудал солилцох гэрээ байгуулсан тул харилцан ашигтай ажиллаж, төлбөр төлөлгүй сансрын нисгэгчдээ хөөргөхөөр болсон байна.
Эх сурвалж: The Verge