“ОПЕК+” олборлолтоо бууруулах шийдвэр гаргажээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. “ОПЕК+” буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орон ирэх сараас эхлэн газрын тосны олборлолтоо бууруулахаар тохиролцсон байна.

"2022 оны 11 дүгээр сараас эхлэн “ОПЕК” болон “ОПЕК”-ийн гишүүн бус орнуудын хувьд 2022 оны наймдугаар сарын олборлолтын түвшинтэй харьцуулахад нийт олборлолтыг өдөрт хоёр сая торхоор бууруулна" гэж энэ бүлэгт оролцогч улсуудын төлөөлөгчдийн уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.

Түүнчлэн уг шийдвэрийг “дэлхийн эдийн засгийн эргэн тойрон дахь тодорхойгүй байдал болон газрын тосны зах зээлийн таамаглалыг” харгалзан гаргасан болохыг онцолсон байна.

Дээрх шийдвэрийн дараа Цагаан ордноос мэдэгдэхдээ, АНУ ирэх сард стратегийн нөөцөөсөө 10 сая торх газрын тосыг зах зээлд гаргана гэжээ.

Олборлолт огцом буурна гэсэн хүлээлттэй холбоотойгоор долоо хоногийн эхээр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 4 хувиар өсжээ.

Сэтгэгдэл бичих