Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 551.9 (2.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (14.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.2 хувь нь иргэд, 47.4 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 928.8 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг эзэлж байгаа аж.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 17.3 (1.4 хувь) тэрбум төгрөгөөр багсаж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 8 дугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 394.2 (18.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 520.9 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлжээ.