Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид хэрэгжүүлэх томоохон төсөл нь Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хот юм. Уг хотыг байгуулахаар ирэх оны төсвийн төсөлд 68.5 тэрбум төгрөгийг тусгасан.
Одоогоор тус хотын инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93.3 хувьтай үргэлжилж байгааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдааны үеэр танилцуулжээ.
“Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг
- Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс,
- Эдийн засгийн чөлөөт бүс,
- Тээвэр логистикийн төв,
- Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор,
- ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн таван бүстэй байхаар төлөвлөж байгаа аж.
2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг найман багц ажлыг эхлүүлнэ.