Н.Бямбабаяр:Эмэгтэйчүүдийг Турк, Сингапур улс руу хил дамнуулан худалдсан байж болзошгүй байна

оруулсан Алсын Хараа

Монгол эмэгтэйчүүдтэй зуучаар танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургаар нь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, улмаар гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын, 64 настай иргэнийг өчигдөр баривчилсан.

Уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр өнөөдөр нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэжигтэй этгээдийг нэр бүхий зочид буудлаас баривчилсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр олон тооны гар утас, зөөврийн компьютер, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш зэргийг хураан авсан. Одоогоор тухайн файлуудад үзлэг хийж, тухайн этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Хохирогч нарыг Монголоос виз шаардахгүй буюу нэг сарын хугацаанд визтэй Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул яг хэчнээн иргэнийг хилээр гаргасан талаарх тоон мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй.

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн

  • 13.1 буюу Хүн худалдаалах гэмт хэрэг,
  • 12.1 буюу хүчиндэх гэмт хэрэг,
  • 13.10 буюу  хувь хүний нууцад халдах,
  • 13.5 буюу заналхийлэх зэрэг зүйл ангиар холбогдуулан шалгаж байна" гэлээ.

Мөн манай улсын иргэд гадаад улсын иргэн рүү өөрсдөө хариу чат бичих зэрэг тохиолдол гарч байгаа тул өөрсдөө анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих