/TASS/. Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд өнөөдөр боллоо. Уг ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон тус улсын бусад дээд удирдлага оролцож, төв телевиз нь шууд дамжууллаа.
Ёслолын ажиллагаа БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлж, дараа нь талбайд цугларсан хүмүүс амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураав. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, БНХАУ-ын орлогч дарга Ван Цишань, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ.
Амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд мөн цэргийн алба хаагчид, олон нийтийн төлөөлөгчид, хүүхэд багачууд оролцлоо.
Энэ өдрийг 2014 онд баталсан байна. Опиумын нэгдүгээр дайнаас хойш (1840-1842) тус улс үндэсний болон эрх чөлөөний тэмцлийн үйл явдлуудад 20 сая орчим дайчдаа алдсан гэж үздэг. Уламжлал ёсоор жил бүр энэхүү дурсгалын жагсаалтад 300 гэр бүлийн тэмдэг нэмэгддэг байна.
2018 онд Хятадын парламентын гишүүд амь үрэгдэгсдийн нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай хуулийг баталж, түүнд зааснаар үндэсний баатруудын дурсгалыг гутаасан үйлдэл хийхийг хоригложээ. Мөн түрэмгийлэгчид, тэдний хамсаатнуудыг алдаршуулах нь байж боломгүй зүйл юм.
Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг БНХАУ байгуулагдсаны өмнөх өдөр зохион байгуулдаг. 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Хятадад бүх нийтээр амардаг байна.