Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан. Засаг даргаас тус төслийн 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийг хамруулах асуудлыг судалж, дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж байна. Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багийнхантай хамтран ажиллаж, 2020 онд Налайх дүүргээс нэг цэцэрлэгийг хамруулан хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулж байна” гэлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ

Дараа нь хуралдаанаар “Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.

“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор дөрвөн чиглэлээр нөөцийн махыг бэлтгэж байна. Мөн нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүрийг зорилтот бүлгийн хүн амын тоо, байршил, шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчтэй, Е баримт хэвлэгч пос терминал төхөөрөмжтэй газруудад хуралдан борлуулж байна. Түүнчлэн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай тохиолдолд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг томоохон зах, худалдааны төвүүдэд зохион байгуулахад төлбөр хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Махны борлуулалт, үнэтэй холбоотой хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд сайн тавьж ажилла. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар худалдан борлуулалт хийхэд мөн хяналт тавих шаардлагатай” хэмээлээ.

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

Мөн хуралдаанд “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжинд ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ. Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай. Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл бичих