Сэлэнгэ аймгийн Хөтөл хот дахь “Цемент шохой”-н үйлдвэрийн засварын ажилтай холбогдуулан цементийн хомсдол үүсээд байлаа. Ид ажлын үеэр ингэж хомсдол үүсгэсэн нь хэрэглэгчдэд маш хүндээр тусч, шүүмжлэл дагуулсаар байв. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга үүсээд байсан цементийн хомсдлыг хурдан хугацаанд арилгуулах үүднээс Хөтөлийн цементийн үйлдвэрийн ажил байдалтай газар дээр нь танилцан хамтран ажиллаж ирсэн. Аймгийн дарга энэ удаа тус үйлдвэрийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь “Цемент Шохой“ ТӨХК–ийн Чулуунцарын үйлдвэрийн технологийн төлөвлөгөөт засвар хугацаандаа дуусаж, зуухандаа гал өгчээ. Үйлдвэрийн тухайд 2019 оны 08 дугаар сараас хойш зуухны доторлогооны тоосгыг бүхэлд нь сольж байгаагүй хэсэгчлэн сольж байсан аж.
Хэдийгээр их засвар хийсэн ч цементийнхээ үнийг нэмэхгүйгээр хуучин үнээр нь борлуулна гэдгээ үйлдвэрийн захиргаанаас мэдэгдээд байна. Тус үйлдвэр гадаа үйлдвэр гэдэг утгаараа өвөл засварын ажил хийх боломжгүй байдаг аж. Иймээс зуны буюу дулааны улиралд төлөвлөгөөт засварынхаа ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ удаагийн засварын ажлыг 7-р сарын 20-ноос эхлэн ийнхүү дуусган ашиглалтанд оруулсан байна. Засварын ажлын хүрээнд зуухны тоосгон болон бетонон доторлогооны ажлыг ажилчдынхаа хүчээр хийжээ.