Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

оруулсан Алсын Хараа

/Anadolu/. Бодит аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ туршилт  амжилттай боллоо.

NASA-гийн DART зонд /“Double Asteroid Redirection Test, хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт/ АНУ-ын Зүүн эргийн цагаар 19 цаг 15 минутад “Диморф” солиртой амжилттай мөргөлджээ. "Дидим-Диморф" хос солирын 170 орчим метр диаметртэй жижиг солирыг DART цагт 23 мянга орчим километрийн хурдтайгаар түлхсэн байна.

Туршилтыг NASA-гийн цахим хуудас болон олон нийтийн бүх сүлжээгээр нь шууд дамжуулжээ.

Ирээдүйд аюул учруулж болзошгүй тэнгэрийн биетүүдийг хэмжих, аюулгүй болгох зорилгоор анх удаа хийсэн туршилтын мөргөлтийг мөн “Хаббл”, “Уэбб”, “Люси” сансрын дурангуудаар болон DART сансрын аппарат дээр суурилуулсан камерын тусламжтайгаар бүртгэсэн байна.

DART-ийг бүтээсэн Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн Хэрэглээний физикийн лабораторийнхноор удирдуулсан туршилт дууссаны дараа NASA-гийн төлөөлөгч шууд дамжуулалтын үеэр хэлэхдээ, “Энэ бол хүн төрөлхтөн тэнгэрийн биетийн чиглэлийг өөрчлөх анхны оролдлого байлаа” гэжээ.

Туршилт амжилттай болсон нь сансрын хөлөг чиглэлийг нь өөрчлөхийн тулд зориудаар сонгосон солиртой мөргөлдөж, газар дээр суурилсан сансрын дуран авай ашиглан хэмжиж болохыг нотолсон байна.

DART-ыг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас өнгөрсөн оны 11 дүгээр сард “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ.

Сэтгэгдэл бичих