Оросын талд олзлогдсон 200 хүнээ Путиний холбоотон ганц хүнээр сольсноо Украины эрх баригчид мэдээлжээ

оруулсан Алсын Хараа

Украины дайн эхэлснээс хойших хамгийн том олзны хүмүүсийн солилцоог дайтагч талууд Пүрэв гарагийн өглөө хийжээ. Мариуполийг хамгаалан тулалдаж байгаад бууж өгсөн цэргүүдээ ОХУ-ын ерөнхийлөгч Путиний холбоотон ганц хүнээр сольж чадсанаа Киевийн эрх баригчид мэдээлсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдээлснээр нийт 215 цэргээ, үүний дотор гадаадын сайн дурынхныг чөлөөлж чаджээ. Тэдгээрийн дотор Донбассын салан тусгаарлагчдын шүүхээс цаазын ял сонссон хүмүүс ч байсан байна. Украины талаас Орост шилжүүлсэн хүн нь Москвагийн бодлогыг дэмждэг сөрөг хүчний улс төрч Виктор Медведчук байжээ.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш хэдхэн хоногийн дараа 68 настай олигархи гэрийн хорионоосоо оргож байв. Түүнийг дөрөвдүгээр сард дахин баривчилсан юм. Медведчукт Украины шүүх эх орноосоо урвасан хэрэг тулгаж, бүх насаар нь шоронд хорих ял төлөвлөөд байжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүний бага охины загалмайлсан эцэг гэсэн мэдээлэл бий.

Медведчук нь Украины парламент дахь хамгийн том сөрөг хүчин болох Оросын талыг баримтлагч “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” намын улс төрийн зөвлөлийн дарга юм. Тус намын үйл ажиллагааг Украины эрх баригчид хориглоод байгаа. “Жинхэнэ дайчдаа Медведчукээр солиход харамсах зүйл алга. Хуулийн дагуу бүх мөрдөн байцаах ажиллагааг явуулсан. Украины эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд үнэнийг тогтооход шаардлагатай бүх мэдүүлгийг түүнээс авсан” гэж Зеленский сошиал хуудсандаа бичжээ. Үүнээс гадна таван иргэнээ Оросын 55 олзны цэргээр нэмж солих тохиролцоонд хүрснээ тэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл бичих