Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гарснаас хойш 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг орой, шөнийн цагаар буюу 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлдөг. Үүнд:
- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт\цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс дээшийг 50 хувь,
- Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг мөн орой, шөнийн цагаар 50 хувь хөнгөлдөг юм.\
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг шаарддаг. Хөнгөлөлтийг тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл тооцон хэрэгжүүлдэг.