Монголбанк: Бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгов

оруулсан Алсын Хараа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан болж, мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэв. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар мөн:

  • Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувь болгож, өргөтгөхөөр болсон,
  • Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох гэсэн багц шийдвэр гаргасныг мэдээллээ. Бодлогын шийдвэрийг гаргахдаа дараах эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын төлөв байдлыг харгалзаж үзжээ. Үүнд:
  • Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж байна.
  • Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ нь мөн глобал эдийн засагт сөргөөр нөлөөлж буй.
  • Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа
  • Дэлхий дахинд эрчээ авсан үнийн өсөлт төв банкнуудыг мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулахад хүргэж байгаа. Энэ нь зайлшгүй авах арга хэмжээний нэг боловч глобал эдийн засгийн идэвхжилийг хумих нөлөөтэйг олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байгаа.
  • Дотоод эдийн засгийн хувьд, энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, дотоод эдийн засаг эрчимжсэн. Ингэснээр эдийн засаг 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбарт эдийн засаг өсөлттэй байгаа. Тиймээс энэ оны эдийн засгийн суурь төсөөллийг гурван хувьд хүргэхээр болсон гэв.

Жилийн инфляц энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, нийслэл хотын хэмжээнд 14.8 хувь болж буурч байна. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна гэв.

 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн удаагийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргаж байв.

Сэтгэгдэл бичих