БНХАУ-ын тал хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандаж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын даргатай 2 талт уулзалт хийсэн юм.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлыг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Гурван талт уулзалт нэлээн үр дүнтэй, амжилттай боллоо. Олон жил яригдсан олон асуудлаар талууд тодорхой байр сууриудыг илэрхийлсэн. Юуны өмнө 3 улсыг холбосон коридорын тухай ярья. Монгол Улсын хувьд 3 талт уулзалтаар Улаанбаатар төмөр замын парк шинэчлэл, төмөр замын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо. Дорнодоор дайрах зүүн чиглэлийн, мөн баруун чиглэлийн босоо төмөр зам тавихыг ч дэмжихээ илэрхийлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин төмөр замын тухайд холбох боломжтой замуудаа холбоод явъя гэж байна.

Түүнчлэн, 3 улсыг холбосон хурдны замын тухай Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Цаашид нарийвчлан ярих байх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа ОХУ-д очиж хийн хоолойн тухай ярьж байсан. БНХАУ-ын тал хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудалд нааштай хандаж байна. Аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийгээд явцгаая гэсэн. Урьд нь олон удаа ярьж байхад сонсож байгаагүй байр суурийг өнөөдөр илэрхийлсэн нь чухал ач холбогдолтой.

Энэ нь манай бүс нутгийн хөгжлийн интеграцчилал, Монгол Улсын эдийн засгийн хувьд бие даах боломжийг хангаж өгсөн олон зүйл хэллээ. Түүнээс гадна байгаль орчны чиглэлд хамтарч ажиллах, усан цахилгаан станц барих тухай ярьсан. Мөн БНХАУ-ын дарга “Тэрбум мод” хөдөлгөөн санаачилсныг дэмжихээ илэрхийлсэн гэхчлэн олон зүйлд нааштай яриа хэлэлцээ боллоо.

-Ханги чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбохоор тохиролцлоо гэж ойлгох уу?

-Ерөнхийлөгч хэлэхдээ, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам болон босоо тэнхлэг, баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын талаар хэлээд, мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн уулзалтын цэгээ тохироогүй байгааг илэрхийлсэн. Хоёр талын уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин боломжтой төмөр замуудаа холбоод явцгаая гэж олон тоон дээр хэлсэн. Цаашид энэ чиглэлээр шуурхай ажиллана.

Нэг зүйлийг онцлоход, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд шинэ зарчмын өөрчлөлт гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, аль нэг нь санаачилж ярих биш бүх зүйлээ хамтдаа төлөвлөе, түүнийгээ хамтдаа зурж, хийж бүтээе гэсэн санал дэвшүүллээ. Энэ чиглэлд анхаарч ажиллана. Миний хувьд ШХАБ-ын хуралд анх удаа оролцож байгаа. Эдийн засгийн асуудлыг түлхүү ярьж байгаад шинэ яам анхаарч, Монгол Улсын хөгжлийг төлөвлөх, хурдасгах, үр дүн гаргах, монголчуудынхаа амьдралыг дээшлүүлэхэд тодорхой ажлыг зохион байгуулах боломжтой болж байна гэж үзэж байна.

-Гурван талт уулзалтын үеэр Эгийн голын усан цахилгаан станцыг барихад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-ОХУ-ын Владивостокт болсон Алс Дорнод эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд байгаль орчны асуудал эмзэг, нэлээд хэл ам дагуулдаг, ажил удааширч байгаа зүйл бий. Хоёр талаасаа экспертийн түвшинд ажлын хэсэг гарган, хамтарч ажиллаад маргаантай зүйлүүдээ цэглэе гэдэг байр суурь хэвэндээ байгаа.

-Замын-Үүд-Алтанбулагийн хооронд өндөр хурдны автозам тавих талаар хөндсөн үү?

-Цар тахлын жилүүдэд тээвэр логистик хүндрэлтэй байлаа. Энэ нь хөгжлийг хойш нь татаж, өмнөх ололт амжилтыг нэг, хоёрхон жилийн дотор алга болгодог амаргүй зүйл гэдгийг хэлсэн. Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэлээд сайн хийх ёстой. Тэгж гэмээнэ манай улс дэлхийн улс орнуудтай холбогдож, олон оронтой харилцан, бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэх тул Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн өндөр хурдны автозамын тухайд дахин ярьсан. Эдийн засгийн коридор гэдэг нь 3 орны төмөр зам, нефть, авто зам гээд цогц ойлголт юм.

Онцлоход, энэ удаагийн 3 талт уулзалтад аялал жуулчлалын салбарын талаар ярилаа. Аялал жуулчлал нь ажлын байр олноор бий болгодог, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж авчирдаг. Энэ салбарт анхаарч ажиллах боломж бий болж байна.

Сэтгэгдэл бичих