Н.Учрал: Буянт-Ухаад инновацын төв байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нүүлгэх ажлыг судлахаар боллоо

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаад инновацын төв байгуулах асуудлыг танилцуулсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд болон инновац, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх асуудлаар танилцуулга хийсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, инновацын төв болгон өргөжин хөгжүүлэхээр судалж шийдэх үүргийг ЗГХЭГ-ын дарга чиглэл болгосныг тэрбээр хэллээ.

Н.Учрал "Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах чиглэлээр манлайлалтай ажиллах, Засгийн газраас өмнө нь төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай нүүлгэх тогтоол батлагдсантай холбоотойгоор бид энэ танилцуулгыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, тогтолцооны хувьд амжилттай явж чадахгүй байсан Мэдээлэл, технологийн паркийг түшиглэн инновацын төв болгон өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Орчин үеийн, өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, оюуны өмч судалгааг эргэлтэд оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулсан эдгээр оюуны өмчүүдийг экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлал болно.

Цаашдаа Мэдээлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлснээр хувийн хэвшил, технологийн компаниудаа үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, татварын ээлтэй орчин бүрдүүлэх, и-бизнесийн шинэ эрх зүйн орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгосон виртуал оффис байгуулахыг бие даан хөгжүүлэх боломжтой гэж танилцуулга хийлээ" гэлээ.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар нь орон зайнаас үл хамаарч ажлаа явуулдаг тул заавал Улаанбаатарын төвд софтвэйр хөгжүүлж байгаа болон харилцаа холбооны бусад компани И-Монгол академи байх шаардлагагүй гэж үзэж байгааг тэрбээр нэмж хэлэв.

Сэтгэгдэл бичих