/CNN/. Испанийн теннисчин Карлос Алькарас АНУ-ын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Норвегийн тамирчин Каспер Руудыг илүүрхсэнээр Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ чансааг тэргүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
Өдгөө 19 настай К.Алькарас Нью-Йорк хотноо гурван цаг гаруй үргэлжилсэн тоглолтод 23 настай К.Руудыг 6-4 2-6 7-6(1) 6-3 онооны харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр тэрбээр 1973 оноос танилцуулж эхэлсэн дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж, Австралийн теннисчин Ллейтон Хьюиттийн 2001 онд 20 насандаа тогтоосон амжилтыг шинэчилжээ.
“Хүүхэд байхаасаа мөрөөдсөөр ирсэн дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэх, аварга болох мөрөөдөл минь биеллээ оллоо. Их дуулга тэмцээний сүүлийн шатанд ядарч болохгүй, өөрт байгаа бүхнээ зориулах хэрэгтэй гэж би өөртөө хэлж байсан” хэмээн К.Алькарас ярьжээ.
Мэргэжлийн теннисчдийн холбооны чансааг тэргүүлсэн Норвегийн анхны тамирчин болохыг зорьж байсан К.Руудын хувьд нэгдүгээрт бичигдэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар байх болно гэдгээ хэлсэн байна. Тэрбээр дэлхийн чансааны долоодугаар байраас хоёрдугаар байр луу ахижээ.