Завхан аймгийн Баянтэс суманд гарсан ойн түймрийг унтраахаар гурван бүлэг гарган ажиллаж байна.
Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09-р сарын 08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсанаас хойш тав дахь өдрөө түймрийг унтраахаар ажиллаж байна. 9-р сарын 12-ны өдрөөс гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна. Эхний бүлэгт Завханы Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн захирагчаар ахлуулсан онцгой байдлын алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөг, Сонгино, Тэс, Баянхайрхан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж байна. Тэд “Цагаан голын шар халзан” гэдэг газар нэг км урт, дөрвөн метрийн өргөн, “Бургастын даваа” гэдэг газар 500 м урт, хоёр метрийн өргөн, “Буга согоотын-Ам” гэдэг газар 800 м урт, хоёр метрийн өргөнтэй хамгаалалтын зурвас татах ажлыг хийж байна.
Харин хоёрдугаар бүлэгт Завханы Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан онцгой байдлын алба хаагчид болон, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Тэс сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Нөмрөг, Түдэвтэй сумын иргэд, Сонгино, Баянхайрхан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж байна. Хоёрдугаар бүлэг “Хачгийн даваа” гэдэг газар, “Цуурай-Амны дунд халзан” гэдэг газар 300 метр урт, нэг метр өргөнтэй хамгаалалтын зурвасыг татаад байна.
Гуравдугаар бүлэгт Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан, Увс аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн 0277 дугаар ангийн 4 дүгээр заставын алба хаагчид, Асгат, Баянтэс сумын иргэд ажиллаж байгаа. Гуравдугаар бүлэг “Баян хөндий” гэдэг газар 400 м урт, дөрвөн метрийн өргөнтэй хамгаалалтын зурвасыг тус тус татсан бөгөөд 500 м газар ойд чөлөө үүсгэх зурвас татах, цэвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан. Урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан. хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, иргэд гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр бол хоромхон хугацаанд маш их хохирол үзүүлдэг гамшигт үзэгдэл юм. Тиймээс иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.