Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотой Замын-Үүдийн хилийг хаасан хэдий ч улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг энэ оны 03 дугаар сарын 25-нд Замын-Үүд суманд нэгдсэн зохион байгуулалтын дагуу татан авлаа.
Монгол Улсын иргэдийг эх орондоо татан авах ажлыг Монгол Улсын Шадар сайдын болон МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж "Замын-Үүд" буудалд тусгаарлав.
Мөн эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийжээ. Хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй гэж Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тусгаарлагдсан иргэд 14 хоногийн хугацаанд тус буудалд байрлах бөгөөд тэдний биеийн байдлыг тусгай томилогдсон эмч 14 тухайн хугацаанд хянана. Харин иргэд өөрсдөө зардлаа гаргаж байгаа юм.
"Замын-Үүд" буудал нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэг хүнийг хоногийн 10000 төгрөг, өдрийн гурван хоол 15000, нийт 25000 төгрөгөөр хоногийн үйлчилгээг тооцож байгаа аж.
Халдварт өвчний эрсдэлтэй үед Онцгой комиссын ажилд дэм болж үнийн хөнгөлөлт үзүүлэн хамтран ажиллаж байгаад албаныхан талархсан байна.
Дорноговь /МОНЦАМЭ/.