Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монголын анхны хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо

оруулсан Алсын Хараа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо.

Төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд 9 дүгээр сарын 9-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар , Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төр засаг, орон нутаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо.

Тэрбээр мөн “Энэ зам бол манай улсын хөгжлийн зам, хөрөнгө оруулалтын зам, боломж бололцооны зам” гэв.

Энэ өдөр шинээр ашиглалтад орж буй төмөр замаар анхны тээврийг хийж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд анхны ачаа ачсан галт тэрэг хөдөллөө.

Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм.

Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.

Төмөр замын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө

-Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасна.

-Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.

-Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ болон цаашлаад тус улсын далайн боомтоор дамжин гуравдагч орон руу тээвэрлэх, мөн Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломжтой болно.

-Тогтмол 2000 орчим ажлын байр шинээр бий болно.

-Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэнэ.

-Улсын төсөвт жилд 44 сая ам.долларын татвар төвлөрнө.

-Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын товч түүх

2018-8-08-ны өдөр. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулав

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгов

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн зөвшөөрлийн 5 жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.

2020-3-01-ний өдөр. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани төслийн талбайд (Өмнөговь аймаг, Цогтцэций, Баян-овоо, Ханбогд) эхлүүлэв.

2020-9-23-ны өдөр. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов.

2020-9-24-ний өдөр. Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай төмөр замын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

2020-10-24-ний өдөр. Тавантолгой-Гашуунсухайт төслийн анхны суман шилжүүлгийг угсрав

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын анхны суман шилжүүлгийг угсарсан бөгөөд төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг баригдаж, өртөө, зөрлөгүүдэд нийт 77 суман шилжүүлэг угсарсан юм.

2021-3-10-ны өдөр. 100 ширхэг ачааны хагас вагон хүлээн авлаа

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх 12-9853 загварын 100 ширхэг ачааны хагас вагоныг ОХУ-ын Тихвинскийн вагоны үйлдвэрээс хүлээн авав. Уг загварын вагон нь одоогоор олон улсад тээвэрлэлт хийж буй ачааны вагоны төрлүүдээс даац, багтаамж зэрэг олон үзүүлэлтээр давуу юм.

2021-4-15-ны өдөр. Эхний 100 км төмөр замыг ашиглалтад орууллаа

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн эхний 100 км дээд бүтцийг барьж дуусгав. Уг төмөр замаар аж ахуйн галт тэрэг аялж, төмөр зам барихад шаардагдах бараа, материалыг тээвэрлэж байв.

2021-11-17-ны өдөр. Төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив

 

-Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.

2022-5-26-ны өдөр. Шилжүүлэн ачих терминалын барилгын ажлыг эхлүүлэв

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт багц асуудлын үйл ажиллагааны хөтөлбөрт  Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил тусгагдсан. Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ төслийн барилгын ажлын нээлтэд оролцов.

2022-9-09-ний өдөр. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээж авав

-Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээж авах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

Сэтгэгдэл бичих