ВЛАДИВОСТОК. /TASS/. Узбекистаны Самарканд хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад, Монголын төрийн тэргүүн нар гурван талын уулзалт хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
“Тун удахгүй Узбекистанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна, мөн бид БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ” гэж В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд уулзах үеэрээ хэлжээ.
“В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд очих ба тэнд олон улсын чухал уулзалтууд хийнэ” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь мэдээлээд байсан ч тэдгээр уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байсан юм.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болно. Тус байгууллагын бүрэлдэхүүнд одоогоор Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан багтаж байна. Мөн Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчийн статустай бол Армени, Азербайжан, Камбож, Балба, Шри Ланка, Турк нь түнш орнууд юм. Түүнчлэн сүүлийн үед олон улс орон ШХАБ-д элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.