/AFP/. Америкчуудын дундаж наслалт 2021 онд хоёр дахь жилдээ дараалан буурснаар сүүлийн 100 жилийн түүхэнд хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр буурлаа гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мэдээлжээ.
Тус төвийн мэдээллээр, 2019 онд америкчуудын дундаж наслалт 78.8 жил байсан бол 2020 онд огцом буурч, 77 жил болоод байжээ. Улмаар 2020-2021 онд дахин нэг жил орчмоор буурч, 76.1 жилд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.
“2019 оноос хойш дундаж наслалт буурч байгаа нь цар тахалтай ихээхэн холбоотой” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төв мэдээлсэн байна. Тодруулбал, 2020 онд дундаж наслалт буурсны 74 хувь, 2021 онд 50 хувь нь цар тахалтай холбоотой байжээ.
Өнгөрсөн онд дундаж наслалт уугуул америкчууд болон Аляскийн уугуул иргэдийн дунд хамгийн ихээр буюу 1.9 жилээр буурсан бол цагаан арьстнууд /1.0 жил/, өнгөт арьстнууд /0.7 жил/ удаалсан байна. Ингэснээр 2021 онд уугуул америкчуудын дундаж наслалт 65.2 жил, өнгөт арьст америкчуудынх 70.8 жил, цагаан арьст америкчуудынх 76.4 жил болжээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү улам нэмэгдэж байгааг цохон тэмдэглэсэн бөгөөд энэ ялгаа 2020 онд 5.7 жил байсан бол 2021 онд 5.9 жил болсон нь мөн л 1996 оныхоос хойших хамгийн их үзүүлэлт болжээ. 2021 оны байдлаар aмерик эмэгтэйчүүд дунджаар 79.1, эрэгтэйчүүд 73.2 насалж байна.
Өнгөрсөн онд “COVID-19” америкчуудын нас барсан шалтгааны гуравдугаарт буюу зүрхний өвчин, хорт хавдрын дараа бичигджээ. АНУ-д 2020 оны эхэн үеэс хойш “COVID-19” халдварын улмаас 1.04 сая гаруй хүн нас барсан байна. Тус улсад коронавирусний халдварын улмаас нас барагсдын тоо 2022 оны эхэн үеэр оргил үедээ хүрсний дараа буурсаар байгаа ч өдөрт 400 орчим хүн нас барсан хэвээр байна.