Чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 2.5 дахин нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Манай улсын нийт экспорт энэ оны эхний 7 сарын байдлаар 6,464.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,723.1 сая ам.доллар буюу 36.3 хувиар нэмэгдлээ.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 6,076.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,802.1 сая ам.доллар буюу 42.2 хувиар нэмэгдсэн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94 хувийг эзлэв.

Чулуун нүүрсний экспорт: Энэ оны эхний 7 сарын байдлаар 3,096.4 сая ам.долларын 11,052.6 мян.тн чулуун нүүрс экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 1,995.6 сая ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мян.тн буюу 11.2 хувиар нэмэгджээ. Нэг тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин нэмэгдэв. Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу экспортолжээ.

Зэсийн баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 1,794.8 сая ам.долларын 856.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 156.6 сая ам.доллар буюу 9.6 хувиар, биет хэмжээгээр 108.7 мян.тн буюу 14.5 хувиар нэмэгдэв. Нэг тн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,096.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95.2 ам.доллар буюу 4.3 хувиар багаслаа. Зэсийн баяжмалыг БНХАУ руу 100 хувь экспортолсон аж.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: Мөн хугацаанд 222.9 сая ам.долларын 2,286.6 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 442.3 сая ам.доллар буюу 66.5 хувиар, биет хэмжээгээр 2,421.4 мян.тн буюу 51.4 хувиар багассан байн. Нэг тн төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 97.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.8 ам.доллар буюу 31 хувиар багасав. Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ руу 100 хувь экспортлов.

Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: Энэ оны эхний 7 сарын байдлаар 54.5 сая ам.долларын 190.8 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 267.5 мян.тн буюу 58.4 хувиар, үнийн дүнгээр 44.4 сая ам.доллар буюу 44.9 хувиар багаслаа. Нэг тн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 285.6 ам.доллар болж, 69.8 ам.доллар буюу 32.4 хувиар нэмэгдсэн байна. Хайлуур жоншны 50 хувийг ОХУ, 50 хувийг БНХАУ руу экспортолжээ.

Цайрын баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 176.1 сая ам.долларын 83.7 мян.тн цайрын баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 8.5 мян.тн буюу 11.3 хувиар, үнийн дүнгээр 61.8 сая ам.доллар буюу 54.1 хувиар нэмэгдэв. Нэг тн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 2,103.2 ам.доллар болж, 584.1 ам.доллар буюу 38.4 хувиар нэмэгдлээ. Цайрын баяжмалыг БНХАУ руу 100 хувь экспортолсон юм.

Молибдены баяжмалын экспорт: Мөн хугацаанд 46.5 сая ам.долларын 3,296.3 тн молибдены баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 11.5 сая ам.доллар буюу 32.6 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 781.4 тн буюу 19.2 хувиар багаслаа. Нэг тн молибдены баяжмалын экспортын дундаж үнэ 14,119.5 ам.доллар болж, 5,514.7 ам.доллар буюу 64.1 хувиар нэмэгдэв. Молибдены баяжмалын 92.9 хувийг БНХАУ, 7.1 хувийг БНСУ руу экспортолсон байна.

Алтны экспорт: Энэ оны эхний 7 сарын байдлаар 514.1 сая ам.долларын 8,575.3 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 296.0 сая ам.доллар буюу 2.4, биет хэмжээгээр 4,918.7 кг буюу 2.3 дахин нэмэгдлээ. Нэг кг алтны экспортын дундаж үнэ 59,949.9 ам.доллар болж, 320.4 ам.доллар буюу 0.5 хувиар нэмэгдэв. Алтны 94.9 хувийг
Швейцар, 5.1 хувийг БНСУ руу экспортолсныг УУХҮЯ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих