NHK/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны халааг авах эрх баригч намын даргын өрсөлдөөнд Гадаад хэргийн сайд Лиз Трасс тэргүүлсэн хэвээр байна.
Их Британийн эрх баригч Консерватив намын 160 мянга орчим гишүүн Л.Трасс, Сангийн сайд асан Риши Сунак нарын аль нэгийг сонгох юм.
Тус улсад инфляц огцом өсөж байгаа тул эдийн засгийн бодлого өрсөлдөөний гол цөм болж байна. Тодруулбал, хэрэглээний үнийн индекс долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн нь сүүлийн 40 жилд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болсон юм.
Л.Трассын хувьд ерөнхий сайдаар сонгогдвол татварыг нэн даруй бууруулахаа мэдэгджээ.
Харин Р.Сунакийн хувьд эхэндээ татварын хөнгөлөлтийн асуудалд няхуур хандаж, ийм арга хэмжээ нь үнийг улам өсгөнө гэж мэдэгдэж байжээ. Гэвч санал асуулгуудад Л.Трассаас хойно бичигдэх болсныхоо дараа бодлогоо өөрчлөхөөр шийдсэн бололтой байна.
Тухайлбал, тэрбээр цахилгаан, түлшний төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварыг түр зогсоохоор төлөвлөж байгаагаа хэлснээс гадна цаашид орлогын албан татварыг бууруулах талаар дурдсан байна.
“YouGov” судалгааны байгууллагаас Консерватив намын гишүүдийн дунд наймдугаар сарын 12-17-нд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд нийт оролцогчийн 66 хувь нь Л.Трассыг, үлдсэн 34 хувь нь Р.Сунакийг дэмжиж байжээ. Гэхдээ Л.Трассын дэмжигчдийн түвшин хоёр долоо хоногийн өмнө явуулсан санал асуулгынхаас 6 хувиар буурсан байна.
Консерватив намын гишүүдийн дунд явуулж буй санал хураалт баасан гарагт дуусах бөгөөд ялагчийг ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулна.