УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжлээ.
Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газрын гишүүнээр ажиллах болсон тул даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургуульд суралцан эрх зүйч бакалавр, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн яамны эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тус яамны Мэдээллийн шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөх, “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүнээр ажиллаж байгаад 2016 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Л.Мөнхбаатар гишүүний ажлын туршлага, хууль зүйн салбарт ажилласан байдал зэргийг харгалзан үзэж УИХ дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлжээ.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүссэн.
Ингээд санал хураахад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг байнгын хорооны хуралд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, саналаа УИХ-д танилцуулахаар тогтов.