Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутагт хээрийн түймэр гарсан байна. Энэ дагуу Зүүн бүсийн Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Өнөөдөр өглөө 10.30 цагийн үед тус аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутаг Бухт гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага ОБГ-т ирүүлжээ. Салхины хүч их байгаа учир уг түймэр улам газар авч Сэргэлэн сумын нутагт тархан ассаныг Онцгой байдлын газрын нэг, хоёрдугаар ээлжийн аврагчид, нутгийн иргэдийн хүчээр 14.30 цагт унтраасан гэж мэдээллээ.
Мөн өнөөдөр өглөө 06.15 цагт Цагаан-Овоо сумын 5-р багийн нутаг “Барьхан” гэдэг газарт айлын өвөлжөө, хаваржаанд малын хашаа шатсаныг нутгийн иргэд өөрсдийн хүчээр газар авахуулалтгүй унтраажээ.