ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт Омикроны шинэ мутаци үүссэнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм.
Тус мэдээллийн үеэр : Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдэж байгаа халдварын 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 5-11 насны хүүхдүүд 40 хувийг нь бүрдүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, хүнс эмийн холбоо, дархлаажуулалтын зөвлөх холбоо, европын эмийн холбооноос 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдэд коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах зөвлөмж гарсан. Үүнтэй холбоотой дэлхийн 150 гаруй улс хүүхдүүдийг дархлаажуулж, өвчлөлөөс сэргийлж байна. Мөн 2022 оны долдугаар сарын 2-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А378 тоот тушаал гарсан. Энэхүү тушаалд үндэслэж наймдугаар сарын 1-ний өдрөөс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр тун дархлаажуулалтыг хийхээр боллоо. Хэрэв хүүхэд тань 5-11 настай бол сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн хоёр тун вакцин хийлгэсэн бол таван сарын дараа бүүстэр тун буюу дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэж болно гэх зөвлөмжийг гаргасан гэлээ.