Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров /М-2/ 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр даван ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн юм.
Башёгийн сүүлийн өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Чиёошома 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Мидорифүжи /М-11/-тэй таарч, түүнд ваташикоми мэхээр унаснаар 10 даваа, 5 унаатай башёг дуусгалаа.
Харин энэ өдөр Озэки Шодай, Сэкиваке Вакатакакаге-тай хүчээ сорьж, түүнийг хатакикоми мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай Нагоя башёг дуусгав.
Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшотой учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж хоёулаа 11 даваатай Нагоя башёг дуусгаснаар нэмэлт барилдаангүйгээр Ичиножёо А.Ичинноров анх удаагаа түрүүлж байна.
Магэширагийн 2-оос босч барилдсан Ичиножёо А.Ичинноров 47 башё буюу 8 жил сумо бөхөөр барилдаж түрүү бөхөөр ийнхүү анх удаа тодорлоо.