ЭМЯ: 5-11 насныханд 21 хоногийн зайтай хоёр удаа коронавирусний вакцин хийнэ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдал, баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээллээ.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр цар тахлын омикрон хувилбарын дараагийн давалгаа тархаж эхлээд буйг сэрэмжлүүлж, манай улсад энэ сард коронавирусний хамааралтай нэг нас баралтыг бүртгэсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикроны BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид нь нэмэгдэх төлөвтэй байгаа учир иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна хэмээлээ.

Мөн олон нийтийн үйл ажиллагаанд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөв. Коронавирусний шинэ хувилбар шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгадаг. Хүүхдүүдэд өндөр халуурч, ханиалгах, бөөлжиж суулгах шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Тиймээс халдвар авсан хүмүүсийг гэртээ дархлаагаа сайн дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж,  дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан байна. Энэ шийдвэрийг гаргахдаа ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөл, бусад энэ чиглэлийн ТББ-уудын саналыг авчээ. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна.

"Бид тухайн улс орны вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. Мөн энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Бид одоо хавсарсан өвчтэй хүнд хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ. Хөнгөн хүмүүсийг гэрээр эмчлэх заавар зөвлөгөөг өгнө. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна" хэмээн УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Монгол Улс шинээр "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа. Эхний 300 мянган хүн тун вакцин ирсэн. Вакциныг 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн 1/3 хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Сайн дурын үндсэн дээр вакцин хийх учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 1-нээс харьяа сум, өрхийн эмнэлэгт вакцинд хамруулж эхэлнэ гэж ЭМЯ-ны албаны хүмүүс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих