С.Наранцогт: Засгийн газраас инфляцыг бууруулах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой инфляцын нөхцөл байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цаашид баримтлах бодлогын чиглэлийн талаар ярилцлаа.

- Инфляцын нөхцөл байдлыг Та хэрхэн харж байна вэ? Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

Сүүлийн хоёр жил үргэлжилж буй цар тахал болон Украинд өрнөж буй дайны нөхцөл байдлаас үүдэлтэйгээр дэлхий нийтээр үйлдвэрлэл, тээвэр логистикийн хямралд орсон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй улс орнуудын инфляц зорилтот түвшнээсээ нэлээд илүү гарчээ. Тухайлбал, Евро бүсийн инфляц 8.6 хувьд, АНУ-ын инфляц 9.1 хувьд, ОХУ-ын инфляц 15.9 хувьд хүрч зорилтот түвшнээсээ тус бүр 4 дахин давсан байна.

Манай улсын хувьд инфляц 6 дугаар сарын байдлаар 16.1 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн дээд түвшин юм. Энэ инфляцын голлох шалтгаан нь мөн л тээвэр, логистикийн үйл ажиллагаа саатсан, олон улсад бий болсон үнийн өсөлттэй холбоотой.

Инфляцыг бууруулах бодлогын хувьд мэдээж эхний ээлжид төсөв, мөнгөний бодлогыг чиглүүлэх ёстой. Түүнчлэн салбар бүр өөрийн салбартаа үүссэн нөхцөл байдлыг нарийвчлан судалж шаардлагатай зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Он гарснаас хойш Монголбанк гурван удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж, 10 хувьд хүргээд байна. Мөн Засгийн газраас төсвийн тодотгол УИХ-д өргөн мэдүүлж тодорхой хэмжээний зардлуудыг танасан.

Мөн мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад чиглэсэн хууль гаргаад хэрэгжүүлж байна. Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэрэг дотоодод үйлдвэрлэх боломжгүй гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тодорхой хугацаанд чөлөөлсөн. Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж, үр дүн гарсан тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан.

Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулахад эдгээр нь хангалтгүй байна.

Цаашид төв банкнаас төсвийн шинжтэй санхүүжүүлж байгаа мөнгөний нийлүүлэлтийг зогсоох, хэрэглээний зээлийг хязгаарлах, төрөөс хүүгийн татаас олгож буй зээлүүдийн зориулалтыг үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэх шаардлагатай байна.

Богино хугацаанд үнийн өсөлтийг хязгаарлаж салбар хоорондын нэгдсэн зохицуулалт уялдааг хангаж ажиллах зорилгоор Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан ахалж холбогдох салбарын сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан уг ажлын хэсэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийн судалж цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Улмаар ЭЗХЯ-наас салбарын яамдад тухайн салбарт хамаарах өрхийн өргөн хэрэглээний, стратегийн шинжтэй  бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалт болон үнийн өсөлтийн мэдээллийг хүргүүлсэн. Яам бүр холбогдох бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, тээвэр, логистикийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад анхааран ажиллаж байна.

Тухайлбал шатахууны үнийг тогтворжуулахад шаардлагатай зохицуулалтын арга хэмжээ болон хэлэлцээрийг УУХҮЯ, барилгын материалын үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд БХБЯ, ЗТХЯ хамтран ажиллаж байна. Мөн мах, хүнсний ногоо, гурилын нийлүүлэлтийг тогтвортой хадгалж, үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд ХХААХҮЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

- Шатахууны үнийг тогтворжуулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулаач?

Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 2022 оны нэгдүгээр сард дунджаар 85 орчим ам.доллар байсан бол 6 дугаар сард дунджаар 117 ам.доллар болж өссөн. Үүнд Украинд өрнөж буй дайны улмаас улс орнууд ОХУ-аас авдаг газрын тос болон нефтийн бүтээгдэхүүн дээр хориг тавьсан нь нөлөөлсөн.

Импортын шатахуунаас бүрэн хамааралтай манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх нь дотоод үнэ нэмэгдэх нэг гол суурь шалтгаан болдог.

Дотоодын зах зээл дээр Аи-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн үнэ өмнөх оноос литр тутамдаа 900-1300 орчим төгрөгөөр буюу 60-65 хувиар нэмэгдсэн.

Засгийн газрын зүгээс автобензиний хувьд гааль болон онцгой албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, шатахуун импортлогч нарт хөнгөлөлттэй зээл олгож, тэдний хүүгийн зардлыг бууруулах зэргээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. УУХҮЯ-наас Роснефть ХНХ-тэй хэлцэл хийж АИ-92 автобензинийг 35 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болсон. Ингэснээр он дуустал АИ-92 автобензиний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдээд байна.

- Ер нь цаашид ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх вэ?

Бодлогын хувьд дунд, урт хугацаанд хэд хэдэн зүйл дээр анхаарах нь зүйтэй.

Нефтийн зах зээл нь цөөн нийлүүлэгч улсаас шууд хамаарч, байнгын үнийн хэлбэлзэлтэй байдаг онцлогтой. Иймд үйлдвэрлэгч, нийлүүлэгч биш манайх шиг эдийн засаг нь нээлттэй улсууд татвар, тарифын бодлогоор дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг дотоодын зах зээлдээ огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор л тодорхой хугацаанд ашигладаг. Өөрөөр хэлбэл дотоодын жижиглэнгийн үнэ нь дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийг тодорхой хэмжээгээр дагаж хөдөлдөг гэсэн үг юм. Энэ нь олон улсын болоод дотоодын үр ашигтай хэрэглээ, зохистой эрэлт нийлүүлэлтийг бий болгодог зах зээлийн тогтолцоо юм.

Монгол Улсын хувьд ийм зөв тогтолцоог нэвтрүүлэхгүй удаан хугацаанд явснаар одоо цаашид авч хэрэгжүүлэх бодлогын хөшүүрэг маш хязгаарлагдмал болсон байна. Иймд жижиглэнгийн худалдаанд огцом хэлбэлзэл үүсдэггүй, дэлхийн зах зээлд үнэ буурахад дагаж үнэ буурдаг зөв тогтолцоонд шилжих шаардлагатай. Ингэснээр шатахууны хэрэглээ илүү үр ашигтай, бизнесийн орчин илүү тодорхой болох зөв хөшүүрэг болно.

Мөн цаашид шатахууныг илүү олон үйлдвэрлэгчээс худалдан авах боломжийг бий болгох, нэг улс, компаниас хараат байдлыг бууруулахад чиглэлд УУХҮЯ, ГХЯ бусад холбогдох байгууллагууд илүү идэвхтэй анхаарч ажиллах шаардлагатай. Мөн шатахууныг харьцангуй цөөн компани импортолдог учир тээвэр, логистикийн үйл ажиллагааг нэгдсэн, тогтвортой зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааны зардлыг бууруулах боломжтой гэж харж байгаа. Энэ чиглэлд УУХҮЯ, ЗТХЯ болон шатахуун импортлогч нар хамтран ажиллаж оновчтой шийдэл олох шаардлагатай юм.

Дунд, урт хугацаанд шатахууны үнийг тогтворжуулахын тулд нефтийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь чухал ач холбогдолтой. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байна.

- Импортын бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн ямар арга хэмжээ авах вэ?

Импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар, дотоодын барааны үнэ 13 хувиар тус тус нэмэгдсэн. Цар тахлаас өмнө импортын барааны инфляц нийт инфляцын 30 гаруй хувийг бүрдүүлдэг байсан бол 2022 оны 6 дугаар сарын байдлаар 55 хувийг бүрдүүлж байна.

Импортын барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл бол тээврийн зардлын өсөлт болон гадаад зах зээл дээрх үнийн өсөлт юм. Эрээн-Улаанбаатар чиглэлийн 1м3 ачаа тээврийн зардал 2019 онд 23 мянган төгрөг байсан бол одоо 460 орчим мянган төгрөг болж 20 дахин нэмэгдсэн. Нийт тээврийн зардлынх нь 25 хувь орчим нь контейнерын түрээст төлөгдөж байгаа бол 40 орчим хувь нь каргоны ашиг болж байна гэсэн судалгаа байгаа.

ШӨХТГ болон ЗТХЯ хамтран тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд ачаа тээврийн хөлсийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоосон эсэхийг шалгаж, тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн бусад холбогдох төрийн байгууллагууд хамтран импортын тээврийн үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулахад анхаарч, автомашины чиргүүл солилцох, задгай тээврийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь боломжтой байна.

- Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд Ерөнхийлөгчийн санаачилга гарсан. Энэ нь инфляцыг тогтворжуулахад чухал нөлөөтэй юу?

Өнөөдрийн дэлхий нийтийг хамарсан хямралт нөхцөл байдал нь стратегийн шинжтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд импортоос өндөр хамааралтай байх нь нийтийг хамарсан бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөргөдөл бий болох өндөр эрсдэлтэйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь чухал гэдгийг маш сайн ойлгуулж байна.

Цар тахал болон геополитикийн хямралын үеийн тодорхой бус байдлын улмаас хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр нэмэгдэж, дэлхийн хүнсний индекс өмнөх оноос 23 хувиар өссөн. Үүнд ургамлын тосны үнэ 34 хувиар, үр тариа 27 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.

Манай улсын хувьд мөн адил хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөөд байна. Зургаадугаар сарын байдлаар хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 19 хувиар нэмэгдсэн бол хүнсний бус бараа, үйлчилгээний үнэ 15 хувиар нэмэгдсэн.

Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, сүү, хүнсний ногоо, нарийн ногоо, тахиа, гахайн мах, ургамлын тос, бяслаг, масло зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар импортын болон дотоодын хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, тээвэр логистик, агуулах, худалдааны нэгдсэн сүлжээ, удирдлагын тогтолцоог бий болгосноор импортоос хамааралтай байдал буурч үнэ тогтворжих нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих