/Anadolu/. Украины боомтуудаас үр тариа экспортлох зурвас /коридор/ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол Истанбулд баасан гарагт буюу өнөөдөр болно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргаа пүрэв гарагт мэдээлжээ.
"Украинаас үр тариа экспортлох тухай гэрээнд баасан гаргийн 16:30 цагт Долмабахче ордонд гарын үсэг зурна” гэж мэдэгдэлд дурдсан байна. Гарын үсэг зурах ёслолд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Украин, Оросын төлөөлөгч нар оролцох аж.
Туркийн удирдагчийн албан ёсны төлөөлөгч Ибрахим Калин энэ талаар твиттер хуудсандаа бичихдээ, энэхүү гэрээ нь "дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.
Үр тариа экспортлох коридор байгуулах асуудлаарх эцсийн баримт бичигт энэ долоо хоногт гарын үсэг зурж, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Р.Эрдоган даваа гарагт мэдээлсэн. Үр тариа тээвэрлэх үйл явцыг Истанбул дахь зохицуулалтын төв удирдаж, Турк, ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчид оролцохоор болсон байна.
Турк, Орос, Украины цэргийн төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчид үр тарианы асуудлыг зохицуулах хэлэлцээг өнгөрсөн долоо хоногт хийсэн юм. Яриа хэлэлцээ хийсний үр дүнд талууд Истанбулд зохицуулалтын төв байгуулах талаар тохиролцож чаджээ.