Н.Мандуул: Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн Банкны зүгээс хоёр том ажлыг хийж дуусгалаа.

Тодруулбал, Хөгжлийн Банк олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон бөгөөд банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшинд авч үлдсэн.

Мөн санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Энэ оны өмнө 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тавигдаж байсан бол зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарсан тул өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн санг байгуулаад байна. Ингэснээр Банкны хувьд ямар нэг дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно.

Дараагийн үе шат нь үлдэгдэл зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд аваачих зорилттой байгаа.

Зээлээ хаасан компаниудын хажуугаар эргэн төлөлт нь удаашралттай компаниуд ч бий. Тодруулбал, нийт 15 орчим зээлдэгчийн эргэн төлөлтөд олигтой үр дүн гарахгүй байна.

Үүний томоохноос нь дурдвал, Шинэ яармаг, Эрэл, Эрин зэрэг гурван компанийн зээлийн 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт нь дутуу байна.

Мөн төрийн өмчит компаниудын зээлийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүний хэрэгжилтэд наадмын дараах эдгээр өдрүүдэд хангуулахаар Хөгжлийн Банк яамдуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн Банк ирэх оны бондын эргэн төлөлтүүдийг энэ оны эцэс гэхэд ямар нэг эрсдэлгүйгээр бүрэн төлж барагдуулах чадамжтай хэмжээнд очно гэсэн зорилт тавин ажиллаж байна" гэв.

"Эрдэнэс Монгол компанийн 157 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл төлөгдөж дуусна гэсэн хүлээлттэй байгаа"

Түүнчлэн "Төрийн өмчит компаниудын хувьд нийт есөн зээлийн 565 тэрбум төгрөгийн асуудал бий. Ойрын өдрүүдэд бид Эрдэнэс Монголын компанийн 157 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа нь удахгүй төлөгдөж дуусна гэсэн хүлээлттэй байгаа.

Нөгөө талаар ТОСК болон НОСК үнэт цаас гаргаж, манай банканд эзэмшүүлэх замаар зээлийн чанарыг сайжруулна гэсэн зорилттой байна" гэдгийг нэмж хэлэв.

Сэтгэгдэл бичих