Ургац хураалтын үеэр шатахууны үнийг зохицуулахаар болов

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор ХАА-н салбарын үйлдвэрлэлд хэрэглэгдэх 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнийг тодорхой хэмжээгээр зохицуулахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авахаар зохицуулах аж. Энэ нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй нэг удаагийн арга хэмжээ юм гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Өнгөрсөн хаврын тариалалтын үеэр дизель түлшний үнэ литр нь 3400 орчим төгрөг байсан. Тэгвэл өнөөдөр гадаад зах зээл дээр манай улсаас үл хамаарсан нефть бүтээгдэхүүний үнэ өндөр савласан онцгой цаг үеийн нөхцөл байдал үүсээд буйг тодотголоо. Тиймээс дотоод зах зээл дээр тодорхой хэмжээгээр, тодорхой хугацаанд үнийг зохицуулахаас аргагүй байдал үүсч буй юм.

Сэтгэгдэл бичих