Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын эхээр огцрох болсноор түүнийг залгамжлах өрсөлдөөн Консерватив нам дотор эхэлсэн юм. Даваа гарагт Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүд сунгаанд өрсөлдөж буй таван улс төрч дээр санал хураалт зохион байгуулжээ.
Тэдгээрийг 115 саналаар Сангийн сайд асан Риши Сунак тэргүүлж, 82 саналтай Пэнни Мордонт, 71 саналтай Лиз Трасс, 58 саналтай Кэми Баденох, 31 саналтай Том Тугендхат нар удаалсан байна. Ингэснээр хамгийн бага санал авсан Тугендхат сунгаанаас хасагдах юм. Парламентын гишүүд сүүлчийн хоёр өрсөлдөгчийг үлдэх хүртэл санал хураалтыг дараалан зохион байгуулна.
Одоогоор Риши Сунак Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай байгаа ч хасагдсан өрсөлдөгчдийн санал үлдсэн бусад хүмүүст шилжсэнээр саналын харьцаа өөрчлөгдөж болзошгүй юм. Риши Сунакын хувьд Борис Жонсоны Засгийн газарт Сангийн сайдын албыг хашиж байгаад Ерөнхий сайдаа огцрохоос хэдхэн хоногийн өмнө огцрох хүсэлтээ гаргаж байжээ. Борис Жонсон цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг зөрчсөнтэй холбоотой дуулианы улмаас намынхаа гишүүдийн итгэлийг алдаж, огцрохоор болсон юм.
Риши Сунак нь 1980 онд Английн Соутхэмптон хотод Энэтхэг гаралтай цагаач гэр бүлийн гурван хүүхдийн ууган нь болон мэндэлсэн аж. Түүний аав Африк тивийн Кени улсад, ээж нь Танзани улсад төрсөн энэтхэг хүмүүс бөгөөд 1960-аад оны үед Их Британид цагаачлан ирсэн байна.
Английн Винчестерийн коллеж, Линкольны коллежийг философи, улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн Сунак сүүлд Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Стэнфордын их сургуулиас мастерын зэрэг авсан юм.
Энд суралцаж байхдаа тэр Энэтхэгийн мэдээллийн технологийн Infosys компанийг үүсгэн байгуулсан тэрбумтан Нараяана Мерфийн охин Акшата Мерфитэй танилцаж, сүүлд гэрлэжээ. 2022 оны байдлаар Сунак, Мерфи нарын нийлбэр хөрөнгийн хэмжээ 730 сая фунт стерлинг хүрч, Их Британийн баячуудын жагсаалтын 222 дугаарт бичигдэж байна. Тэрбээр сургуулиа төгссөний дараа Голдмэн Сакс банканд ажиллаж байгаад сүүлд The Children’s Investment Fund Management, Theleme Partners хөрөнгө оруулалтын сангуудад ажиллаж байжээ.
Эх сурвалж: AFP, Wikipedia