Дэлхийн Банкнаас Монгол Улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ

оруулсан Алсын Хараа

"COVID-19"-ийн болзошгүй тархалтаас сэргийлэхэд туслах, Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Тус санхүүжилтийг одоо хэрэгжүүлж буй Цахим Эрүүл Мэнд төслийн хүрээнд олгох бөгөөд улсын хэмжээнд нэн шаардлагатай эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм.Энэ хүрээнд худалдан авах 15 суурин, 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношилгооны аппарат зэрэг тоног төхөөрөмж дөрөвдүгээр сарын эхээр Монголд ирэх аж.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев "Нэн даруй олгож буй тус санхүүжилт нь Монгол улс "COVID-19" халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” хэмээв.

Дэлхийн Банкны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Динеш Найр “Нэмж худалдан авч буй эдгээр тоног төхөөрөмж нь COVID-19 зэрэг халдварт өвчний тархалтын үед улс орны бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалт, оношилгоог сайжруулахад туслах зорилгоор бид цаашид засгийн газартай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана" гэв.

Дэлхийн Банк Групп нь гишүүн орнууд, үүний дунд Монгол Улсад дэлхийн даяар тархсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, сөрөг нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авахад туслах зорилгоор 14 тэрбум ам.долларын шууд дэмжлэг үзүүлэхээ гуравдугаар сарын 17-нд мэдэгдээд байсан юм.

 

Сэтгэгдэл бичих