Хэдхэн хоногийн дараа Орос-Украйны дайн эхэлсэний долоо дахь сар буюу 200 хоног болох гэж байна. Сүүлийн гучин жил дэлхий нийтийг хамарсан дайнгүй, харьцангуй амар амгалан байсан дэлхий шинэ хүйтэн дайн уур амьсгалд шилжиж, олон улсын геополитик, эдийн засаг, эрчим хүч, хүнс, технологи гээд бүхий л салбарт сөргөөр нөлөөлж байна. ОХУ энэ дайн эхлүүлэх үндсэн шалтгаан нь улс төр, үнэт зүйлсийн зөрчил эсвэл дэлхийн шинэ дэг журам, зүүн Украины оросуудын төлөө ч биш өөрийн хийн хоолойг хоёрдогч улсаар дамжуулалгүйгээр шууд Европод хүргэх нутаг дэвсгэр булаан эзлэх зорилготой болохыг олон улсын судлаачид ярьж, бичиж байгаа. Путины дайн өдүүлсэн стратегийн эцсийн зорилго нь Крым, Донецкийг өөртөө нэгтгэж, Хар тэнгисийн боомтоор Европ уруу хямд хий нийлүүлэх найдвартай коридортой болох явдал байлаа. Энэ утгаараа Орос-Украины дайныг эрчим хүчний дайн гэж олон улсын шинжээчид дүгнэх болсон билээ. Үүнээс болж Орос түүхэнд байгаагүй их буюу 8000 гаруй хоригт орчхоод байгаа билээ. Энэ хоригийн сүүдэр Монголд ковидоос илүү нөлөөлөөд эхэлсэн нь шатахууны үнийн өсөлт.
Оросын удирдагч В.Путин бол эдийн засгийн гэхээсээ геополитикийн баримжаатай улстөрч. Тиймээс оросуудын хувьд хөрш орнуудтайгаа харилцах харилцаандаа хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол эрчим хүчний геополитик. Хөрш Украйн, Монгол, Казакстан төдийгүй Хятад, Европыг эрчим хүчний нөлөөндөө байлгах зорилго тавьдаг амбицтай гүрэн. Дайны нөлөөгөөр энэ бодлого нь бүр хатуурч явцуурч байгааг Оросын удирдагчдын сануулж, хэлж буй заналхийлэл, дээрэнгүй үйл хөдлөлүүдээс харж байгаа.
АНУ болон барууны орнуудын хувьд Оросоос гадна манай урд хөрш Хятадтай ч хүйтэн харилцаатай байгаа. Японы гадаад хэргийн сайд Ё. Хаяши Монголд айлчлангуут хятадууд гол боомтоо хаасан нь covid-19-өөс айсандаа биш улс төрийн зорилготой үйлдэл. Товчхондоо Монгол Улс дэлхийн олон орнуудын адил хайбрид дайны дам оролцогч болж, их хөршүүд буфер улсын хувь заяагаа мартахгүй байхыг бидэнд хатуу сануулаад эхэллээ.
С.Лавровын санаархал Л.Оюун-Эрдэнийн шахалт!
Наадмын өмнө Оросын гадаад хэргийн сайд С. Лавров Монголд айлчлав. С.Лавровын хувьд оросуудыг найрсгаар хүлээж авч буй орныхоо тоог нэгээр нэмэгдүүлэх, монголчууд хэний талд буйг тандах эцэст нь Монголоор дайрах эрчим хүчний төслөө хурдавчлуулах ажилтай хүчээр шахам нисэж иржээ. Түүний хувьд хэлэх гэж ирсэнээ монголчуудад ч, Монголд байгаа барууны элчин сайдуудад ч ойлгогдохоор шулуухан хэлсэн санаа нь “Монгол бол Орос, Хятадын сонирхолын бүс. Бид энд барууныхныг оруулахгүй” гэх үг нь.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Лавровтой тун ч өөрийн бодолтой харилцжээ. С.Лавров Орос Украйны дайны тухай албан тайлбар ярьсны дараа Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж энэ хүрээнд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаа барина гэдгээ зоригтой дуугарчээ. Эгийн голын усан цахилгаан станц дээр хамтрах урилга хүртэл өгсөн бий. Монголчууд өөрийн төлөвлөгөөтэй байна гэж бодоогүй ирсэн С.Лавров ч нэлээд цочиж тоймтой хариу хэлж чадаагүй гэх яриа ч сонсогдож байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайдын зүгээс шатахууны үнийг Орос улс Монголд илүү хөнгөлттэй үнээр нийлүүлэх ёстой. Учир нь бид Ангарскийн үйлдвэрийн хамгийн том, найдвартай худалдан авагч. Мөн бид валютаар төлбөр хийх учир хоригт байгаа Орост өөрт нь хэрэгтэй гэдгийг С.Лавровт шуудхан хэлсэн гэх. Үүний дараа С.Лавров “Роснефть”-ийн И.Сечинтэй утсаар ярьж, Монгол Улс өнөөдрийг хүртэл А92 бинзенийг бараг 40 хувиар хямд авсаар байгаа нь уг яриа хэлэлцээрийн үр дүн байх. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын сайн хэлцлийн үр дүнд иргэдийн өргөн хэрэглээний А92 шатахууны үнэ он дуустал нэмэгдэхгүй бололтой. Гэвч энэ бол түр зуурын шийдэл.
Эрчим хүчний мега төслүүд ба популист эх орончид!
Өнгөрөгч Бям, Ням гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийн төслийн явцтай танилцсан. Түүний зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьсны дараа 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх, Багануур, Тавантолгойн цахилгаан станцыг барих зорилго тусгагдсан.
Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болох. Өөрөөр хэлбэл, оросуудаас эрчим хүчний хараат байдлаас ангжирна гэсэн үг. Авчиг уг цахилгаан станцыг Увсын хэдэн малчин одоо ч эсэргүүцсээр байгаа гэх. Үүний ард мэдээж, хувийн ашиг сонирхлоо нэгд тавьсан улстөрчид, ашиг хонжоо хайсан гадаадын гар хөлүүд бий ч биз. Угаасаа эрчим хүчний том бага төслүүдийн сураг сонсонгуут гацаадаг, нураадаг нөхдүүд гудамжинд ч Төрийн ордонд ч бий. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Сүх жанжины ач зээ нараас авхуулаад.
Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон төслүүдийг эсрэг зогсож буй эх орончдод төр төмөр нүүрээ харуулах цаг болсон. Захын нэг сумын хурган дарга хүртэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг битгий санхүүжүүлээч гээд Хятадын Элчинд захидал тэрлэж байх вэ дээ.
Эрчим хүчний тусгаар тогтнолгүй бол хөгжил байхгүй!
Юу үнэн гэвэл энэ үнэн. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Нийт нийт эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг хөрш орнуудаас импортолдог. Үүнд жилдээ 400 тэрбум төгрөг зарцуулдаг.
Дотоодын найдвартай эрчим хүчний хангалт Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварт ч хэрэгтэй байх нь мэдээж. Улаанбаатарт ганц өдөр тог тасрахад нийслэлийн бүх ажил амьдрал бүхэлдээ таг суусан гашуун зовлонг бид мэднэ.
Үнэндээ Монголд болсон болоогүй эх орончдоос илүү эрчим хүчний төслүүдээ яаралтай хэрэгжүүлэх нь нэн чухал болсон. Эрчим хүчний төслүүдийг гацаадаг нөхдүүдийг эх орончид биш эсрэгээрээ эх орноосоо урвагчид юм шүү дээ.
Эх сурвалж: Ж.НЯМСҮРЭН /NEWS.MN/