2022 оны 4-6 дугаар сард Аи-92 шатахууны зах зээлийн үнэ тонн тутамдаа 1110-1200 ам.доллар болж 1 литр Аи-92 шатахууны жижиглэнгийн үнэ 3171-3493 төгрөгт хүрч өссөн байна. Харин 7 дугаар сард нийлүүлэгдэх хил үнэ өмнөх сараас 85 ам.доллараар нэмэгдэж, тонн тутам нь 1285 ам.доллар болжээ. Ингэснээр дотоод зах зээлд борлуулах жижиглэнгийн үнэ нэг литр нь 3730 төгрөг болж байна.
УУХҮЯ-наас ОХУ-ын "Роснефть" компанийн удирдлагуудтай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд АИ-92 шатахууныг тонн тутмыг нь 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-35 хувь хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас тогтоосон 2390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрдээд байна. Ингэснээр иргэд Аи-92 шатахууныг 1 литр тутамд зах зээлийн үнээс 1340 төгрөгөөр хямд худалдан авах боломжтой хэвээр хадгалагдаж байна.
Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр хийсний үр дүн гэхэд болно. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээрээ үргэлжүүлэн ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.