АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлөв

оруулсан Алсын Хараа

6-р сард АНУ-ын инфляцын түвшин 9.1 хувь хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. Мөн 1981 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин юм.

Үнийн өсөлт ийнхүү өндөр байхад шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Тухайлбал шатахууны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60%, сарын дотор 12% өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өндөр байж, баррель нь $100 орчимд хэлбэлзэж буй нь олон оронд шатахууны үнэ өсөж, улмаар бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхад нөлөөлж буй юм.

Мөн олон улсад үүсээд буй тээвэр ложистикийн саатал хүнс болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны 2 дугаар хагасаас эхлэн өсгөсөн хандлага үргэлжилсээр байна.

Инфляц ийнхүү өндөр түвшинд хүрсэн нь Холбооны нөөцийн банкны Мөнгөний бодлогын хороо 7-р сарын сүүлээр болох хурлаараа бодлогын хүүгээ 1 нэгж буюу илүү өмнөх төсөөллөөс илүү өндөр хувиар чангаруулах зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүллээ. Америкийн төв банк нь инфляцыг урт хугацааны дунджаар 2%-д тогтворжуулах бодлогын зорилт хэрэгжүүлдэг ч өнөөгийн инфляцын түвшин бараг 5 дахин өндөр байгаа юм.

Сэтгэгдэл бичих