/AFP/. Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакциныг зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд, “Pfizer”-ын вакциныг зургаан сартайгаар дөрвөн настай хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрсөн юм.
Аргентин, Бахрейн, Чили, Хятад, Куба, Венесуэл зэрэг орнуудад бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгож байгаа ч энэ чиглэлд тэргүүлэх технологид тооцогдож байгаа мРНХ вакциныг хэрэглэхгүй байгаа юм.
Израилын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг “Pfizer”, “Moderna”-гийн вакциныг бага насны хүүхдүүдэд аюулгүй гэж дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын зургаан сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины дор хаяж хоёр тунд хамрагдаад байна.