/NHK/. Японы баруун хэсэгт байрлах Киотогийн их сургууль болон барилгын "Kajima" корпорац хамтран ирээдүйд Ангараг гараг болон Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.
Тус телевизээр мэдээлснээр, судлаачдын гол зорьж байгаа зүйл бол хүмүүс урт хугацаагаар амьдрахад зайлшгүй шаардлагатай нөхцөл болох дэлхийн таталцлын хүчний хувилбарыг барилгын дотор бий болгох аж. Энэ асуудлын шийдэхийн тулд сууцыг тэнхлэгээ тойрон эргэдэг болгохыг санал болгож байгаа бөгөөд энэ нь ийм замаар үүссэн төвөөс зугтах хүчний ачаар таталцлыг бий болгох гэнэ.
Байгууламжийн өндөр нь 200-400 м, диаметр нь 200 м-ийн хооронд байж магадгүй байна. Үүний зэрэгцээ, байгууламжийг барихдаа зөвхөн дэлхийгээс нийлүүлсэн материалыг ашиглахаас гадна, Ангараг, Сарны гадаргуугийн нөөцийг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
"Одоогоор эдгээр төлөвлөгөө хэрэгжих шатандаа ороогүй байгаа боловч Япон улс ололт амжилтаа эрт харуулж, улмаар ирээдүйд давуу талыг бий болгох нь маш чухал юм. Тиймээс бид энэ чиглэлээр үргэлжлүүлэн судалгаа хийхээр төлөвлөж байна" гэж Киотогийн их сургуулийн төлөөлөгч Йосүкэ Ямашита сэтгүүлчдэд ярьжээ.