Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ойн агентлаг байгууллаа

Ойн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгууллаа.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургадугаар сард батлагдаж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 38 орон тоотой ажиллана.
Ойн газар нь Монгол Улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоох, түүний хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойн талаарх мэдээллээр Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага болж үйл ажиллагаа явуулна.
 
Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган га-д төмс, 10 мянган га-д хүнсний ногоо, 51 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4,6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338,8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 85,7 хувь буюу 290 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.
Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.
 
 Товч мэдээ
·      Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталлаа.
·      Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгсний дагуу зам барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих