Чанаргүй зээлүүдийг бүрэн барагдуулж “Самурай” бондын 720 тэрбум төгрөгийн өрийг төлнө

оруулсан Алсын Хараа

Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн чуулганы завсараар Монгол Улсын Хөгжлийн банкны зээл төлөлт, “Кью-Эс-Си” компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. Тэрээр, энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй байхаар гарсныг мэдэгдлээ. Ингэснээр энэ оны 12 дугаар сарын 30-наар балансаа сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч буйг Сангийн сайд Б.Жавхлан дуулгалаа. Улмаар ирэх жилийн 9 дүгээр сард төлөх евро бондын тал дээр гадаад хөрөнгийн зах зээлд зохицуулалт хийх боломж нэмэгдэж байна хэмээн тайлбарлав.

Харин “Самурай” бондын тухайд иен, төгрөгийн хооронд харьцах өнөөдрийн ханшаар 720-иод тэрбум төгрөг төлөх учиртай. Энэ нь Засгийн газраас баталгаа гаргасан бонд учир үүнийг аль болох Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлж, тухайн банкаар өөрөөр нь төлүүлэх зорилт тавьж байна гэв. Энэхүү зорилт нэлээн ойртож байна. 500 тэрбум төгрөг төлүүлснээр мөн тэр хэмжээний мөнгө санд хуримтлагдаж байна гэсэн үг хэмээн мэдээллээ. Хөгжлийн банкны мэдээллээр "Кью Эс Си" ХХК өчигдөр 192 тэрбум төгрөгийн зээлээ төлөөд байна.

Энэ асуудлаар Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Монгол улсын Ерөнхий сайдад хандан захидал илгээжээ. Уг захидалдаа "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлыг УИХ, Үндсэн хуулийн Цэц, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, шударгаар шийдвэрлэж, худалдан авахад гаргасан төлбөртэй холбоотой хэлцэл цааш үргэлжилж, нэг мөр эцэслэх нь хамгаас чухал гэдгийг онцолсон байна.

Гадаад өртэй холбоотой дефолт үүсэхгүй. Наадмаас өмнө Хятадаас их хэмжээний зээл авна гэдэг нь худал мэдээлэл

Түүнчлэн сүүлийн үед манай улс дефолт зарлах уу гэх асуудал цахим орчинд яригдаж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан нэмж хэлэхдээ “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд дефолт үүсэх нь гэх ташаа мэдээллийг санаатайгаар явуулж байна гэж харлаа. Сангийн яамны зүгээс хэд хоногийн өмнө Төрийн ордонд Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийн талаарх мэдээллийг өгсөн. Ойрын хугацаанд тулчихсан байгаа өр төлбөр нь Хөгжлийн Банкан дээрх "Самурай" болон "Евро" бондын 800 сая ам.долларын асуудал бий. 

Гадаад зах зээл дээр Засгийн газрын гадаад өртэй холбоотой дефолт үүсэх нөхцөл огт байхгүй гэдгийг хэлье. Гаднын хөрөнгийн зах зээл дээр манай өрийн менежмент сайн явж байна. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагын манай улсад өгч буй дүгнэлт эерэг гарч байна. Нэг тэрбум ам.долларын зээлийн үлдэгдлийг өнгөрсөн онд бид хугацаанаас нь өмнө амжилттай зохицуулалт хийсэн байгаа” гэлээ.

Түүнчлэн наадмаас өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авч өр тавих гэж байгаа гэдэг нь худал мэдээлэл. Жагсаалт хийж байгаа залууст хэлэхэд ямар нэгэн эрсдэл байхгүй. Бид та бүхнийг хүлээн авч уулзаад мэдээлэл өгөхөд нээлттэй болохыг хэллээ.

Дефолт гэдэг нь бусадтай хийсэн зээлийн гэрээний дагуу төлөх учиртай зээлийн хүү, үндсэн өрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэхийг хэлнэ.

Сэтгэгдэл бичих