Халдвартай 10 өвчтөний биеийн байдал тогтвортой байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс энэ сарын 23-нд санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэдгийг харуулдан тандаж буй ажил гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Алтанбулагийн боомтоор энэ сарын 23-нд орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байгаа аж. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Одоогийн байдлаар Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байгаа аж. Коронавирусний халдвар авсан 10 хүний биеийн байдал тогтвортой байгааг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дурдлаа.

Тэрбээр, “ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу өвчтөний хамар, залгиур, цэр, цус буюу ийлдэс, өтгөн шингэнд лабораторийн шинжилгээ хийж байна. Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр бүр протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулан хянаж байгаа. Эмчилгээ хийж, бүрэн эдгэрсэн хүнийг гаргахдаа шинжилгээ хийж баталгаажуулдаг. Хэрэв дутуу эдгээвэл халдвар тараах эрсдэлтэй учир дүрэм журмыг мөрдөж байна. Мөн 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Тухайн хүн гэртээ өөрийгөө хариуцлагатай хянах нь чухал юм. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын  байгууллагатай хамтарч хянаж байгаа" гэв.

Энэ үеэр Франц улсад Монгол иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл батлагдаагүй. Иймээс иргэд цахим орчинд гарч буй худал мэдээлэлд автахгүй байхыг ЭМЯ-наас санууллаа. Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих