АНУ-д цагаачлахаар ачааны машинд нуугдсан 51 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. АНУ-ын Техас муж улсад ачааны бүрхүүлтэй тэргэнд амьсгал боогдож нас барсан цагаачдын тоо 51-д хүрч, эмнэлэгт 13 хүний биеийн байдал хүнд байна гэж Техас дахь Мексикийн консул Рубен Минутти мэдээлжээ.

“Нийт 13 хүнийг эмнэлэгт хүргэсэн. Үндсэндээ эдгээр хүмүүсийн биеийн байдал хүнд, мэдрэл, бөөр, элэгний дутагдал, дотуур цус алдалттай байна. Одоогийн байдлаар нас барсан хүний тоо 51 байна" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснийг “Milenio TV” суваг дамжуулсан байна.

Даваа гарагт АНУ-ын өмнөд хилийн ойролцоо, Техас муж улсын Сан-Антонио хотын орчимд хаягдсан ачааны бүрхүүлтэй тэрэгнээс амиа алдсан хүмүүсийн цогцос олджээ. Өмнө нь 50 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Сан-Антонио хотын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, машины ачааны хэсэгт агааржуулагч, ус байхгүй байжээ.

Энэхүү эмгэнэлт явдлын хохирогчдын дунд доод тал нь 27 мексик хүн байсан байна. Латин Америкийн тус улсын Гадаад хэргийн яам Ерөнхий Прокурорын газраас нь явуулах мөрдөн шалгах ажилд оролцоно гэдгээ мэдэгджээ.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор дээрх хэрэгтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Төв Америкийн орнууд, Мексикийн иргэдийн ядуурал, цөхрөлтэй холбоотой эдгээр харамсалтай үйл явдал нь Мексик, АНУ-ын хил дээр болон АНУ-д хүний наймаа газар авч, хяналтгүй байгаагаас үүдэлтэй гэжээ.

Латин Америкийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн цагаачдын урсгал цар тахлын улмаас бүс нутгийн орнуудын эдийн засгийн байдал улам хүндэрсэнтэй холбоотойгоор дахин дээд хэмжээндээ хүрчээ. Мексикийн эрх баригчид өнгөрсөн онд 114 мянга гаруй хууль бус цагаачдыг нутаг буцаасан бол Мексиктэй залгаа АНУ-ын хилийн бүсэд саатуулсан цагаачдын тоо сүүлийн есөн сард нэг саяыг давсан байна.

Сэтгэгдэл бичих