Жэжүд аялахаар очсон монгол иргэд "харлахаар" зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ товч мэдээлэл өглөө.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "БНСУ-ын талаас энэ тухай албан ёсоор ГХЯ-нд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Эдгээр иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон байна. Долдугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй. Долдугаар сарын 9, 14-нд Жэжүгээс Монгол руу нислэгийн хуваарьтай байна. Уг нислэгээр ирнэ гэж найдаж байна" гэв. Мөн Монгол Улсын Консулын алба "БНСУ-ын Жэжү хотод монгол иргэд сураггүй алга болсон, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг солонгосын талаас албан ёсоор ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.