АНУ, БНСУ, Японы удирдагчид БНАСАУ-ын асуудалд түлхүү анхаарал хандуулна

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Испанид болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНСУ, Японы удирдагчидтай уулзах үеэрээ БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүдийг зогсоох арга замын талаар хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нарын оролцох гурван талын уулзалт лхагва гарагт болох юм. Ж.Салливаны мэдээлснээр, энэхүү уулзалтаар БНАСАУ-аас үргэлжлүүлэн учруулж буй аюул заналхийлэлтэй холбоотой асуудалд түлхүү анхаарал хандуулах ажээ.

АНУ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, БНАСАУ энэ он гарсаар нийт 31 баллистик пуужин харвасан бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд хамгийн олон ийм пуужин туршсан тохиолдол болоод байна. Мөн БНАСАУ цөмийн туршилт явуулах бүх бэлтгэл ажлаас базаасан бололтой байгаа тул сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд анх удаагаа туршилт явуулж магадгүй байгааг Сөүл, Вашингтоны холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.

БНАСАУ зургаа дахь буюу хамгийн сүүлийн цөмийн туршилтаа 2017 оны есдүгээр сард явуулж байжээ. Ж.Салливаны хувьд АНУ БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг зогсоох арга замыг тууштай эрэлхийлсээр ирсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих