Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.
Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Мөн амжилт гаргаж барилдсан тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм байна. Энэ өдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.
Эхний өдрийн тэмцээн онц сонирхолтой, ширүүн өрсөлдөөн өрнүүлсөн барилдаан олон болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан.
Харин 65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл энэ өдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.
Мөн 74 кг-д олон сонирхолтой барилдаанууд болж, улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар, ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалд шалгарснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.
Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын 5 дугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж Белградыг зорих эрхээ авав.
Ийнхүү гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 6 дахь удаагаа /2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он/ Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаа Монгол Улсын аварга боллоо.
Эхний өдрийн тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
- Занданбудын Занабазар (Хилчин)
- Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)
- Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)
- Батжаргалын Төгс (МУБИС)
61 кг:
- Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
- Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
- Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
- Энхбатын Энхболд (Аваргууд)
65 кг:
- Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
- Төмөр-Очирын Тулга (Хүч)
- Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
- Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
70 кг:
- Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
- Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
- Гансүхийн Бэгзжав (Алдар)
- Шинэбаярын Дэлэг (Хилчин)
74 кг:
- Олонбаярын Сүлдхүү (Алдар)
- Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)
- Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
- Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
- Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
- Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
- Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг:
- Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
- Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)
- Баяраагийн Майцэцэг (Аваргууд)
68 кг:
- Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
- Зоригтын Болортунгалаг (Хилчин)
- Алтансүхийн Даваажаргал (Налайх)
72 кг:
- Энх-Амарын Даваанасан (Алдар)
- Баярбаатарын Сарнай (Налайх)
- Энхбаярын Цэвэгмэд (Алдар)
76 кг:
- Ганбатын Ариунжаргал (Алдар)
- Ган-Очирын Уртнасан (Хилчин)
- Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)