ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчдын үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулах боломжтой

оруулсан Алсын Хараа

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзалт хийв.

Элчин сайд И.К.Азизов Д.Жаргалсайханыг спортын эрдэм шинжилгээ, судалгааны олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай гэдгийг онцлоод БТСУХ-ны даргаар томилогдсонд баяр хүргэв.

Түүнчлэн Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар ихдуулга” тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-ын баг тамирчдыг дэмжин тэмцээнд оролцоход боломж олгосонд талархан онцгойлон баяр хүргэлээ.

Монголын баг тамирчид ОХУ-д болж буй тэмцээн, спортын үйл ажтллагаанд амжилттай оролцохын зэрэгцээ өнгөрсөн 5 дугаар сард Якутск хотноо болсон мастерлингийн ДАШТ-ээс Монголын тамирчин хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолсон юм.

Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд боломжтой тухай харилцан ярилцав. Тус тэмцээнийг өнгөрсөн жил зохиох байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм. ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагчидаа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулилт хийхэд дэмжих, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх нь Монголд уран гулгалтын спорт хөгжих, хөгжөөн дэмжигч олноор бий болгох таатай боломж бүрдэх билээ.

Энэхүү үзүүлэх тоглолтыг ирэх оны эхний улиралд зохион байгуулахаар хоёр тал санал нэгдэв. БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсад зохиогдсон жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнд ОХУ баг тамирчид багийн дүнгээр түрүүлсэн явдалд баяр хүргэлээ. Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг манай ард түмэн, хөгжөөн дэмжигчдийн хувьд сонирхолтой, их хүлээлт байгаа гэдгийг онцолж үзүүлэх тоглолтыг зайлшгүй зохион байгуулахын чухлыг дурдав.

Цаашид Монгол-Оросын спортын салбарт уламжлан ирсэн нөхөрсөг харилцааг хадгалж, спортоор дамжуулан залуучуудыг өөртэй итгэлтэй, эх орондоо илүү ихийг бүтээх, улс орны эв нэгдлийг бий болгоход бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайд талууд санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих