Барилгын кран унаж хоёр хүний амь нас хохирсон хэрэгтэй холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ.
Тус газрын төлөөлөл "Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт сүүлийн хоёр жил зогссон. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нийт 10,000 ААН-д албан шаардлага хүргүүлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 10-наас зургаадугаар 10-ны өдрийн хооронд барилгын ажил явагдаж байгаа газруудад болон ашиглагдаж байгаа ч эрсдэл өндөртэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд шалгалт хийгээд байна. Уг шалгалтад нийт 2,100 гаруй барилга байгууламж хамрагдсан. Үүний 10 гаруй хувь нь газрын захирамж гаргуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар аваад ямар нэг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил үүссэн. Улаанбаатар хотод нийт 54 барилга ийм асуудалтай байна. 78 барилга тодорхой холбогдох шийдвэргүйгээр барилгын ажил эхэлсэн байна.
Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хугацаанд авсан. Мөн шалгалтад хамрагдсан барилгуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлын чиглэлээр ч асуудал үүссэн” хэмээн ярилаа.
Тухайн ослын талаар "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах "Номин Реалтор" ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.
Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай байсан. Харин осол гаргасан буюу унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн. Тус хашаанд ажиллаж байсан өөр нэг авто кран нь 25 тонныг даацтай байсан юм. Уг нь барилгын краныг байрлуулахдаа зам талбайг нь бэлдэж тэгшлэн, тэгш гадаргуу дээр байрлуулсан байх ёстой байдаг. Гэвч тухайн барилгыг барих явцдаа краныг тэгш бус гадаргуу дээр байрлуулан ажиллуулж байх явцад осол гарсан байна.
Ер нь краныг байрлуулах ажил нь тухайн барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компанийн хариуцах ёстой үйл ажиллагаа. Гэхдээ тухайн газар кран, өргөн төхөөрөмжөө байрлуулж буй хувь хүн, ААН ч гэсэн тэгш гадаргуу дээр аюулгүй байрлуулах шаардлагыг тавих ёстой” гэлээ.
Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар тус барилгын ажил зургаадугаар сараас эхэлсэн гэх мэдээлэл бий гэдгийг албаныхан хэлж байна.