Б.Батцэцэг: Бүс нутгийн хэмжээнд АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА өрнүүлэх хэлэлцээ хийнэ

оруулсан Алсын Хараа

Зүүн хойд Ази (ЗХА)-йн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал Улаанбаатар хотод болж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-йн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014-2019 онд олон улсын бага хурал 6 удаа амжилтай хийсэн. Ингэхдээ энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд зохион байгуулж ирснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Энэ бага хурал нь ЗХА-йн аюулгүй байдлын асуудал, тэдгээрийг шийдэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцдог яриа хэлэлцээний нээлттэй механизм болжээ.

Бага хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн 5 салбар хуралдааныг зохион байгуулна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярихдаа, “Цар тахлын улмаас 2 жил завсарласан ч жил ирэх бүр оролцоо нэмэгдэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг олон улстай ярилцаж, олон санал бодлыг уралдуулан, салбар хуралдаан хийнэ. Зүүн хойд Азийн орнууд бус Хойд Америк, Ази Номхон далайн бүсийн болон европын орнууд энэ санаачлагад оролцдог болсон нь чухал юм. Хуралд Засгийн газрын төлөөллөөс гадна оролцох эрдэмтдийн тоо нэмэгдсэн. Бид өнөөдөр ямар нөхцөл байдал, нийгэмд амьдарч байгаатайгаа уялдуулаад цаг үеийн асуудлыг ярих шаардлага бий. Улаанбаатарын яриа хэлэлцээ нь энэ талаар болон цаашид дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна. Салбар 5 хуралдаанаар эрдэмтэд, бусад төлөөлөгчид бодит байдлыг нээлттэй, илэн далангүй ярилцан, энэ хүнд байдлаас яаж гарах, бүс нутгийн хэмжээнд ямар байдлаар ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хэлэлцээ хийж, шийдвэрүүдээ танилцуулна” хэмээсэн юм.

Бага хуралд Зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцож байна. Цар тахлын улмаас 2020, 2021 онд хойшлуулсан ЗХА-йн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал энэ сарын 23-24-нийг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих