Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.
Уг тогтоол хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын нөөц хөрөнгөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох аж. МИАТ компани Франкфурт-Улаанбаатарт долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байгаа. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул 7-9 сард долоо хоногт таван удаа нислэг үйлдэх болсон тул үүнд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэж, татаас өгч буй юм гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр, “МИАТ компани АНУ-ын Экзим банканд 4.5 сая ам.доллар төлснөөр Боинг-767 онгоцыг авсан. Үүний улмаас санхүүгийн хувьд хүндрэлд орохыг үгүйсгэхгүй. Тиймээс Засгийн газар уг шийдвэрийг гаргаж байна” гэв.
Цар тахлын үед Монголын хувийн хэвшлийн компаниуд дотоод, гадаадын захиалгат нислэг үйлдсэн ч санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, агаарын тээврийн компаниудын төлөөлөгчидтэй уулзахдаа зээл олгох боломжтой талаар ярилцсан. Тиймээс тогтоолын хоёрдугаар хэсэгт Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 145 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгажээ.